
Ноён Хуогийн дурлал
БҮЛЭГ 1
Вэнь Чин арайхийн сэргэж нүдээ нээлээ. Өрөөнд хав харанхуй, нүүрэндээ ойртуулсан хурууныхаа үзүүрийг ч олж харахааргүй аж. Харин хэн нэг эрэгтэйн хүндээр амьсгаадаж, өөрт нь учруулах өвдөлтийг л мэдэрч байлаа. Хүчлэн байж түүнийг түлхэх гэж оролдсон ч гар нь ямар ч хүч гаргаж чадсангүй, дахин ухаан балартав...
Сэргээд харвал гадаа гэгээ орсон бололтой, үл таних өрөөнд байж байлаа. Өнгөрсөн шөнийн үйл явдал толгойд зурсхийн орж ирэхэд сандран ухасхийн босвол биеийнх нь доод хэсэг хөндүүрлэв. Орноос эвтэйхэн гулсаж буугаад харвал цагаан даавуун дээр улаан толбо тогтсон байхыг бодоход шөнийн явдал зүүд биш байжээ.
Угаалгын өрөөний хаалга нээгдэн, гарч ирсэн эрийг хараад тэр нүдэндээ итгэсэнгүй. Айсандаа царай нь хувхай цайн, орон дээр лагхийн суулаа. Яахаараа тэр байдаг билээ?
Ванны том арчуураар бүсэлхийгээ ороосон мөнөөх эр:
-Чи сэрчихээ юу? хэмээн юу ч болоогүй мэт тайван асуув. Вэнь Чин өвдөлтөндөө зовуурилан арайхийн босоод:
-Ноён Хуо... Ноён Хуо... гэж сандчин бувтнав. Залуу үснээс нь дуслах усыг арчингаа:
-Чи эхлээд усанд орчих, тэгээд хэлэх зүйлээ дараа нь хэл гэхэд Вэнь Чин харц буруулан шал ширтээд:
-Хэ..хэрэггүй. Надад хийх зүйл байна, түрүүлээд явж байя.
-Вэнь багш аа, та надад өнгөрсөн шөнө болсон зүйлийн талаар тайлбарлах ёстой биш гэж үү?
Вэнь Чин “Тийм зүйлийг юу гэж тайлбарлах ёстой юм бол?” хэмээн бодоод нүүр нь улайв. Би дэндүү их ууснаасаа болоод юу хийснээ санахгүй байна гэх үү? Вэнь Чин гүнзгий амьсгаа аваад:
-Ноён Хуо, надад ямар ч бэлгийн эрүүл мэндийн асуудал байхгүй, цэв цэвэр. Тийм болохоор та энэ тал дээр санаа зовохгүй байж болно. Танд алдаад байх зүйл байхгүй байсан болов уу. Тиймээс урьд шөнийн явдлыг болоогүй гэж бодоцгоож болох уу?
-Чамайг цэвэр гэдгийг мэдэж байна. Би аль хэдийн баталчихсан...
Энэ талаар заавал чанга хэлэх хэрэг байгаа гэж үү гэж бодоод нүүр нь үл ялиг улайв.
-Би зүгээр л чамд ямар нэг зүйл хэрэгтэй эсэх талаар асуух гэсэн юм. Чамайг мөнгөний төлөө ийм зүйл хийсэн гэж бодохгүй байна.
-Надад юу ч хэрэггүй. Харин энэ явдлыг нууцалж өгөөрэй.
-Тэгээд л болоо юу?
-Тийм ээ гэж Вэнь Чин бүрэн итгэлтэй хариулав. Хуо Тэншин сайхан хөмсгөө өргөн өмнөө зогсоо турьхан бүсгүйг удаан харсны эцэст нүүрэндээ ямар ч хувирал гаргалгүй чимээгүйхэн толгой дохив. Вэнь Чин хувцас цүнхээ шүүрч аваад бушуухан гүйж гарахыг хараад Хуо Тэншиний нүүрэнд зальжин инээмсэглэл тодорлоо.
Энэ эмэгтэй... үнэхээр сонирхолтой юм гээч...
Вэнь Чиний толгойд Хуо Тэншиний дэргэдээс бушуухан зайлахаас өөр юу ч бодогдсонгүй. Улс даяар алдартай “Хаан сүлд” группийн эзэн, хүч чадал, эд хөрөнгө бас... аюулын бэлгэ тэмдэг болсон Хуо Тэншин. Цуу яриагаар бол тэр эрх мэдлийн төлөө төрсөн ахаа алж, нөгөө нэг ахыгаа тахир дутуу болгосноор группийн ерөнхийлөгчийн сууринд суусан гэдэг. Хэрвээ Вэнь Чиний хувьд хэзээ ч бодож зүрхлэхгүй, санаархаж зориглохгүй хүн байгаа бол тэр нь энэ гуравдугаар Хуо ноёноос өөр хэн ч биш байх биз ээ. Учир нь Хаан сүлд группийн дайсан бол Бай групп. Вэнь Чин үлдсэн амьдралынхаа турш ямар нэг байдлаар Бай групптэй холбогдохыг огтхон ч хүсэхгүй байлаа. Тансаг харшийг орхисныхоо дараа өөрийгөө алгадан “Чи чинь галзуураа юу? Өвсөн дундаас зүү олох нь Хуо Тэншинтэй тааралдахаас амар байх байтал яаж яваад түүнтэй таарчихдаг байна аа?” гэж халаглаж явав. Хэрвээ Бай группийнхэн энэ явдлын талаар мэдчих юм бол... Үр дагаврыг нь бодохыг ч хүссэнгүй. Утас нь дуугарахыг сонсоод гаргаж харвал Хуо Тэншиний дугаар байлаа. Яах гэж залгаж байгаа юм бол? Хариулахгүй бол буруудах уу?
Удаан бодсоны эцэст:
-Ноён Хуо?
-Охин биеийг чинь авсан болохоор чамд нөхөн олговор өгье. Хүссэн үедээ надад нэг хүслээ хэлээрэй. Гэхдээ чамайг хайрлахаас бусад зүйлийг хүсэж болно.
-Та намайг буруу ойлгосон юм шиг байна. Би биеэ худалддаг хүн биш гэж хүйтнээр хариуллаа.
Хуо Тэншин хөмсгөө өргөв. Вэнь Чин үргэлжлүүлэн:
-Тиймээс та миний анхны шөнийн төлөө төлөөс төлөх шаардлагагүй. Одоо болон хойшид ч төлөөс нэхэхгүй гэдгээ албан ёсоор хэлье. Би дипломын ажлаа хийх гээд завгүй байх болохоор дахиж дүүд чинь хичээл зааж чадахгүй. Иймээс та бид хоёр дахин тааралдахгүй байх. Таны хойшдын ажил амьдралд чинь сайн сайхныг хүсэн ерөөе! гээд шууд утсаа салгалаа.
Утасны нөгөө үзүүрт Хуо Тэншиний уруулд ёжтой инээмсэглэл тодорно. Бид дахин уулзахгүй байх гэнэ үү? Хэн шийдэхийг харж л байя... Вэнь Чин, чи түрүүлж утсаа салгасан анхны эмэгтэй боллоо...
Вэнь Чин утсаа халааслаад, өөрт нь огт тохирохгүй энэ тансаг бүсээс бушуухан холдохыг хүсэн гүйх гэсэн боловч өвдөлтөөс болоод арай л сөхрөөд уначихсангүй. Хуо Тэншин, чи өчигдөр намайг яачих аа вэ...
Үдийн үед Вэнь Чин их сургуулийн захирлаасаа дуудлага хүлээн авч, баргар царайлан өрөөнд нь оров. Жинхэнэ хатагтайн ёсоор хувцасласан цэмцгэр эмэгтэй турьхан Вэнь Чинийг өрөмдөх мэт хараад:
-Вэнь Чин, би чамайг ухаалаг, авьяаслаг охин гэдгийг мэднэ. Гэвч манай Гао овогт өнчин охиныг бэрээ болгож чадахгүй. Тэгэхээр би чамаас сүүлчийн удаа асууя. Манай Мораныг орхивол ажилтайгаа үлдэнэ. Харин түүнийг сонговол чи ажлаасаа халагдана. Шийдвэрээ гарга.
Захирлыг үгээ дуусгангуут Вэнь Чин тайвшран:
-Би өнчин биш!
-Надад ялгаагүй ээ
Хэдийгээр ээж минь нас барсан ч гэсэн Бай овогтын хууль бус охин байснаас өнчин гэгдэж байсан нь дээр гэж бодон шазуур зуугаад:
-Би ажлаа сонгож байна! гэж шийдэмгий хариулав.
Өмнө нь гурвантаа асуухад Мораныг сонгож байсан атал энэ удаа бодлоо өөрчилснийг сонсоод Лин Юүлэ гайхан хөмсөг өргөв. -Харамсахгүй биз дээ?
-Хэрэв хатагтай Лин миний үгэнд эргэлзээд байгаа бол батламж бичиг үйлдэж өгч болно шүү. Би Гао Моранаас сална.
-Сайн байна, сайн. Энэ хоёр жил та хоёрт хангалттай хугацаа байсан. Би та хоёрыг салгаагүй шүү. Чи одоо төгсөх курс, Моран ч цаашдын амьдралаа хөөх цаг нь болсон. Чамайг энэ үгээ санаж явна гэж итгэж байна.
-Тэгнэ ээ!
Захиргааны байрнаас гарч ирэхэд гадаа бороо ороод эхэлчихсэн байлаа. Гэрийн багшийн ажлаасаа хоцрох вий гэсэндээ яаран гүйлээ. Найз залуугаасаа салчихсан, Хуо овогтынд дахин ажиллах боломжгүй болсон болохоор ядаж энэ ажлыг алдаж болохгүй. Сургуулийн хашааны хаалган дээр очих үед танил машин ирж зогсон дотроос нь хос хоёр гарч ирлээ. Эрэгтэй нь бүсгүйдээ шүхэр барьж өгөн, буухад нь тусалж байхыг хараад тэднээс зайлсхийн эргэх гэтэл бүсгүй түүний нэрийг чангаар дуудан гүйж ирэв.
-Вэнь Чин, бүх зүйл миний буруу. Чи намайг харааж, зодож цохисон ч болно хэмээн гараас нь чанга зуурав. Залуу эр тэдний дэргэд ирэн, дунд нь шүхрээ толгой дээр нь бариад:
-Вэнь Чин, би үнэхээр өчигдөр юу болсныг санахгүй байна. Би... хэмээн
гэмшингүй бувтнав. Вэнь Чин тэднийг хараад инээх уйлахын алийг хийх ёстойгоо үл ойлгов. Мэдээж алийг нь ч хийсэн өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй. Тэдний нэг нь найз залуу нь, нөгөөх нь сайн найз нь. Ийм зүйл зөвхөн кинон дээр л гардаг улиг болсон явдал гэж боддог байж билээ. Гэтэл өчигдөр тэднийг нэг оронд орчихсон заваарч байгааг өөрийн нүдээр хараад сэтгэлээр унан архи уусан нь тэр. Вэнь Чин бүсгүй рүү тоож ч харсангүй, Гао Моран руу хүйтнээр харж:
-Би яагаад чамайг найз залуугаараа сонгосныг мэдэх үү?
Гао Моран хэлэх үггүй урвайн газар ширтэв.
-Чи намайг “сэтгэлд дулаан” гэж хэлсэн болохоор! гэтэл бүсгүй Гао Мораны урдуур хөндөлдөж:
-Энэ бүгд зөвхөн миний буруу. Би л түүнийг өдсөн юм. Ичгүүргүй зан гаргасан нь зөвхөн би, тэр бол сайн залуу. Түүнийг буруутгах хэрэггүй!
Вэнь Чин аль чадахаараа тайван байхыг хичээн, бүсгүй рүү харсан ч залууд хандан:
-Залуу насны төлөө төлөөс төлдөг гэдэг. Миний хувьд тэр төлөөс нь чи бололтой, Гао Моран. Эрчүүд харагдаж байгаа шигээ найдвартай биш гэдгийг ойлгуулж өгсөнд баярлалаа. Ухаан суулгасанд баярлалаа.
-Намайг уучлаарай гэхээс өөр үг хэлж чадахгүй байгаа Гао Мораныг хараад Вэнь Чин толгой сэгсэрч:
-Уучлал гуйх хэрэггүй дээ. Бид өдийг хүртэл сайхан байлаа. Чамайг байгаагүй бол би хүссэн ажилдаа орж чадахгүй байсан. Чи надад ямар ч өргүй. Харин Сон Руо чи, миний найз залуугийн өвөрт орсноос хойш бид найзууд байхаа болилоо. Түүнийг бүр ав, харин ганц нөхцөлтэй. Үүнээс хойш намайг таньдаг царайлаад хэрэггүй. За залуусаа, би ажил руугаа яарч байгаа болохоор та хоёрын бороотой өдрийн уянгын халилд хөндлөнгийн үзэгч болж чадахгүй нь, баяртай!
Бүлэг 2: Өөдгүй амьтан
…Тэр хоёроос бушуухан салахын түүс болж замын нөгөө тал руу яаран гүйхдээ ухаан санаа нь үймэрснээсээ болоод ирж яваа хар суудлын тэргийг харсангүй. Юу болоод байгааг олж харах үед нэгэнт хожимджээ. Машин түүнийг мөргөн огцом тооромслоход Вэнь Чин эргэлдэн хоёр алхмын газар гуйвлан ойчив. Гао Моран сандарч “Вэнь Чин!” гээд ухасхийхийг хараад тэр даруйхан босож машины хаалгыг онгойлгон арын суудалд орж суугаад:
-Бушуухан Чиншү гудамж руу хүргээд өгөөч. Намайг мөргөсөн гэж хэрэг үүсгэхгүй ээ гэж жолооч руу сандчин хэлэв. Жолооч эр санаа зовон, арын суудалд суугаа эр лүү асуусан харцаар харав.
-Авхайн хэлснээр хий! гэсэн намуухан хоолой гарахад жолооч толгой дохиод сургуулийн хашаанаас цаашлан холдов. Машины толинд Гао Мораны дүр жижгэрэхийг хараад Вэнь Чиний нүд гунигаар дүүрлээ. Өчигдөр орой юу хийснийг нь Гао Моран хэзээ ч олж мэдэхгүй шүү дээ. Тийм болчимгүй зүйл хийсэндээ харамсаад барсангүй. Тэр нэгэн зэрэг найз залуу, сайн найз, онгон биеэ алджээ. Бүгдийг нэгтгээд харах юм бол өчигдөр түүний хувьд хамгийн золгүй өдөр байсан юм байна.
-Чи норчихсон байна, май, биеэ арч! гээд цагаан арчуур өгөхийг хараад сая л хажуудаа хүн суугааг анзаарав.
-Уучлаарай, би суудлыг чинь завааруулчихлаа...гээд харц өргөөд эг магхийн “Ноён Хуо юу даа?” гэж бувтнав.
Өглөөхөн дахин уулзахгүй гээд салсан хүнийхээ хажууд сууж байх нь тэр. Гайхсандаа амаа хоосон ангалзуулав.
-Яасан? Намайг хараад тэгж их гайхаж байна уу?
-Энэ... Та яагаад энд байгаа юм?
-Вэнь багш, энэ миний машин!
Өөрөө машинд нь дайрч орж ирж сууснаа сая л санав.
-Өө, уучлаарай. Машиныг чинь муухай болгочихлоо. Бороо зогсмогц би угаагаад өгье.
Зорьсон газраа ирээд машинаас буух гэхэд Хуо Тэншин жолоочид хандан:
-Вэнь багшид шүхэр авчраад өг гэхэд жолооч хэлснээр нь хийв. Вэнь Чин
шүхрийг аваад буун, эргэж хараад:
-Баярлалаа, ноён Хуо!
-Хоосон үгээр талархаад яах вэ.
Түүний юу хэлэх гэснийг сайн ойлгоогүй Вэнь Чин цааш эргэн алхлаа. Хуо Тэншин өөр нэг шүхэр авч, машинаас бууж түүний хойноос алхан гүйцэж ирэв. Вэнь Чин гайхан:
-Ноён Хуо?
-Машинд суу!
-Яах гэж?
-Чи гэмтсэн байна. Эмнэлэг рүү явцгаая. Вэнь Чин тонгойн шалбарсан хөлөө хараад:
-Хэрэггүй дээ, энэ шарх хоёр хоногийн дотор л зүгээр болчихно.
-Чи эмч юм уу? Надад бас эм бичээд өгөх юм биш биз? Машинд суу! гээд шүхрээ хураан гарт нь атгуулаад, гар дээрээ сэвхийтэл өргөн машин руу зүглэв. Вэнь Чин сандран хашхирч шүхрээ газар унагаахад тэр тоосонгүй, машинд өргөн суулгав.
-Үгүй ээ, би одоо эмнэлэг рүү явж болохгүй. Гэрийн багш хийх ёстой!
-Чи өдийд Хуо Тэнги-д хичээл заах ёстой биш билүү? Манайд ажиллахаа больчихож байгаа юм уу?
-Би...
Шуудхан тийм гээд хэлчхэж чадсангүй. Хуо Тэншиний царай барайн, жолоочдоо “Эмнэлэг рүү” гэж хүйтнээр зааварлав. Вэнь Чинд буруу зүйл хийсэн мэт гэмшил төрнө.
Эмнэлэг дээр ирээд, Хуо Тэншин түүнийг дагуулан оношилгооны өрөөнд авчрав. Эмч түүнээс:
-Хаана чинь өвдөж байна? гэхэд Вэнь Чин жинхэнээсээ өвдөж байгаа газраа санаад нүүр нь улайж:
-Өвдөхгүй байна гэхэд эмч Хуо Тэншин рүү асуусан харцаар харав. Хуо Тэншин гараа энгэртээ зөрүүлээд:
-Хатагтай, та эмчтэй илэн далангүй байх хэрэгтэй гээд эмчид хандан “Бүтэн биеийн шинжилгээ хийчих” гэлээ. Вэнь Чин гараа сэгсрэн сандарч:
-Ө хэрэггүй, хэрэггүй. Энэ их үнэтэй, би төлж дийлэхгүй.
-Би төлнө. Хожим өнөөдрийн ослоос болоод өвдсөн гэсэн тайлбар сонсохгүйн тулд.
-Би тэгэхгүй ээ.
-Хүмүүс тааварлашгүй. Өглөөхөн завгүй учраас гэрийн багш хийхээ болино гэж хэлсэн хүн одоо өөр газар багш хийхээр яарч явна. Худал хэлж чаддаг хүмүүст итгэхэд бэрх, бүгд нүүрэн дээрээ гэмгүй царайлж чадна.
Вэнь Чиний уур хүрсэн ч юу ч хэлж чадсангүй. Дахин нүүр тулж эвгүй байдалд орохоос л зайлсхийх гэсэн шүү дээ. Эмч сувилагчийг дуудан авах шинжилгээнүүдийг хэлж өглөө. Вэнь Чин нууцаар сувилагчаас шинжилгээний үнийг асуугаад золтой л ухаан алдчихсангүй. 6000 юань аа? Шинжилгээний жагсаалтыг сувилагчийн гараас шүүрч аваад Хуо Тэншин дээр очиж:
-Хоёулаа тусдаа ярилцаж болох уу?
-Ярь л даа
-Миний хөл үнэхээр зүгээр. Ийм үнэтэй шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Өвдөж байгаа газар гэвэл...
-Хаана чинь өвдөж байна?
-Биеийн... доод хэсэг... гэж нүүрээ улайлгав.
Хуо Тэншин харцаа доошлуулав. Вэнь Чин бушуухан түүний харцнаас холдохыг хичээж:
-Өөр өвдөж байгаа газар үнэхээр алга. Тийм болохоор би одоо явж болно биз дээ.
-Чи хаана өвдөж байгаагаа мэдэж байгаа юм байна. Тэгвэл шууд эмэгтэйчүүдийн эмч рүү явцгаая.
-Яаж болох юм бэ? Ийм шалтгаанаар эмчид үзүүлдэг хүн гэж хаана байсан юм?
-Чи өөрөө намайг дагаад явах юм уу, би чамайг өргөөд явах юм уу?
Түүний хүйтэн царай, ноцтой байдлыг хараад хэсэг зуур эргэлзсэн ч өөр зам байсангүй, санаа алдаад дуугүй л хойноос нь дагалаа. Эмэгтэйчүүдийн үзлэгийн орон дээр хэвтэж байхдаа Хуо Тэншин энд дагаж орж ирээгүй нь их юм гэж бодов. Эмч маш болгоомжтойгоор үзлэг хийж дуусгаад, хөшиг нээхэд Хуо Тэншин хүлээгээд сууж байлаа.
-Бага зэрэг улайлт үүсч, цус гарсан байна. Шөнийн ажлаас үүссэн бололтой... гэхийг сонсоод Вэнь Чин газар доогуур орчихмоор санагдав. Хуо Тэншин юу ч болоогүй мэт тайвнаар:
-Ямар нэгэн эмчилгээ хийх үү?
-Би өвчин намдаах эм бичиж өгнө. Нэмээд хоолоо сайн идээд, нойроо бүтэн авах нь зүйтэй. Хэрвээ дахин үйлдэх бол нэмэлт хэрэгсэл ашиглахгүй байсан нь дээр.
“Нэмэлт хэрэгсэл” гэхийг сонсоод Вэнь Чин нүдээ бүлтийлгэн Хуо Тэншин рүү харлаа. Өнгөрсөн шөнө болсон явдлыг бүрэн санахгүй байгаа ч энэ боловсон соёлтой харагдах эр өөр дээр нь ямар нэг төхөөрөмж хэрэглэсэн гэдэгт итгэж ядав. Хэрвээ гаж сонирхолтой юм бол сайхан царай, гоолиг биетэй байгаад ямар нэмэр байхав. Эмнэлгээс гараад Хуо Тэншиний гараас эмтэй уутыг шүүрэн авч:
-Эмийн төлбөр чамд буцааж төлөхгүй шүү. Өвтгөсөн хүн нь чи өөрөө. Ноён Хуо, ингээд эндээс зам замаа хөөцгөөе. Дахин уулзахгүй бол сайн байна гээд эргэтэл Хуо Тэншин муушийн:
-Намайг өдсөн хүн нь чи байтал яагаад надад уурлаад байгаа юм?
-Чамд хамаагүй!
-Надад уурлаад байгаа юм чинь надад хамаатай л байна даа?
Вэнь Чинд хэлэх үг олдсонгүй.
-Нэгэнт надад уурлах шалтгаан байхгүй юм бол маргааш дүүд минь хичээл заана гэж найдаж байна.
-Би дахиж танайд ажиллахгүй гэж хэлсэн шүү дээ.
-Би таныг дахиад өөр газар гэрийн багш хийх аргагүй болгож чадахыг мэдэж байгаа гэж найдаж байна.
-Та дэндүү бүдүүлэг байгаа юм биш үү?
-Эхлээд худал хэлсэн хүн нь чи шүү дээ!
Вэнь Чин уурлан шазуур зууснаа:
-Тэгвэл би үнээ нэммээр байна.
-Бололгүй яахав. Би хэлсэн үнийг чинь төлнө. Гол нь хоцрохгүй ирж байгаарай гээд Хуо Тэншин түрүүлэн шатаар уруудлаа.
Эмнэлэг явснаас болоод бүтэн цаг хоцорсон тул цагийн багшийн цалингаа хасахаас өөр аргагүй болов. Хичээлээ зааж дуусаад гарч ирэхэд хэдийн орой болсон байсан тул дотуур байр луугаа автобусаар харилаа. Өрөөнд нь ганцхан Сон Руо байж байв. Түүнийг хараад баргар царайлсан ч ширээнд очиж суун номоо дэлгээд Вэнь Чин:
-Эндээс нүү!
-Яасан гэж? Би юу буруу хийсэн юм? Моран надад сэтгэлтэй, би ч түүнд талтай болохоор бид унтсан. Чи түүний хүсч байсан зүйлийг өгч чадаагүй биз дээ? Гэтэл яагаад түүнийг тавьж явуулахгүй байгаа юм? Одоо тэр чамд хайргүй, түүний хайртай хүн бол зөвхөн би!
Вэнь Чин номоо хааж, түүн рүү хүйтнээр эгцлэн ширтээд:
-Би түүний хүссэнийг өгч чадахгүй. Яагаад гэвэл би янхан биш! Тэгээд ч би түүнтэй зууралдсан зүйл үгүй, үүнийгээ чамд хэлсэн. Харин би энд амьдрах учраас чи нүү!
-Чадахгүй ээ
-Ойлголоо. Энэ шийдвэртээ харамсахгүй гэж найдъя гээд дахин юм хэлсэнгүй, номоо дэлгэн үргэлжлүүлэн уншлаа.
Маргааш нь их сургууль даяар Вэнь Чиний өрөөний найз нь хэрхэн найз залууг нь урхидан, гардуулсан тухай цуурч байлаа. Хичээл тарах үеэр Сон Руо гаднаас гүйн орж ирээд Вэнь Чиний гараас зуурч:
-Вэнь Чин, чи яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Би чамд сайн л байдаг шүү дээ. Гэтэл яагаад намайг сургуулийн сүлжээнд гүтгэж байгаа юм бэ? хэмээн уйлагнав. Вэнь Чин босч, түүн рүү “гунигтайгаар” хараад:
-Хохирсон хүн нь би шүү дээ. Та хоёрыг нэг оронд байгааг хараад би үнэхээр шаналж, гунигласан. Чамайг Мораныг надад өгөөч гэхэд би татгалзаагүй. Тийм байтал би чамайг олон нийтийн дунд гутааж яах юм бэ? гээд Сон Руогийн худал нулимсыг арчиж өгөх дүр үзүүлээд зөрж явлаа. Хэрэгт оролцогч талуудын хэн нь нэгнээ гүтгэсэн нь тодорхойгүй өнгөрсөн ч энэ явдлаас хойш Сон Руо их сургуулийн хотхон даяар хамгийн алдартай хүн болж хувирав. Харин Вэнь Чин онц сурлагатан гэдгээс гадна сургуулийн гоо үзэсгэлэнгийн охь манлай гэсэн алдар нэмж хүртжээ. Өмнө нь Гао Мораныг “урьд насандаа дэлхийг аварсан их буян үйлдээд энэ насандаа Вэнь Чин шиг гоо бүсгүйг өөрийн болгосон байх” гэж ярилцдаг байсан залуус одоо түүнийг “дэлхийг аварч байгаад билгийн нүд нь оддын гялбаанд сохорсон байх” гэж ярилцах болов.
Вэнь Чин хичээлээ тараад түрээсийн байр хайхаар гарч явтал утас нь дугарахад харвал Хуо Тэншин залгаж байлаа. Яагаад дахиад залгаад байгаа юм бол? Хөмсөг зангидан утсаа аваад:
-Байна, ноён Хуо! хэмээн дурамжхан дугарав.
-Байна.
-Хичээлийн цаг болоогүй байна. Та өөр ямар хэргээр залгадаг билээ?
-Гадаа цаг агаар сайхан байна.
Толгой өргөн дээш харвал үүлэрхэг тэнгэр барайж харагдана.
-Ммм...тийм үү (өөр юу ч гэх билээ дээ)
-Би буруу санаагүй бол Вэнь багш өчигдөр хэлэхдээ бороо зогсохоор миний машиныг угааж өгнө гэсэн байх аа? -...
Үдийн халуун нар шарж эхлэхэд Вэнь Чин “Хаан сүлд” группийн өндөр барилгын үүдний танхимд ирчихсэн зогсож байлаа. Жолооч түүнийг замчлан суурийн давхарт байрлах зогсоолд авчраад түлхүүр өгч, өчигдөр суусан хар машиныг зааж өгөв.
-Вэнь авхай, энэ өчигдрийн машин. Би ингээд явъя даа.
Вэнь Чин толгой дохин түүнийг үдээд, духаа имрэн юу хийхээ мэдэхгүй зогсож байтал утас нь дугарав.
-Чи жолооны үнэмлэхтэй юу?
-Байгаа гэхэд утсаа салгачхав. Уг нь тэр худлаа яриагүй л дээ. Гэхдээ жолооны үнэмлэхтэй байх, жолоодож чадах хоёр бол тусдаа асуудал. Жолоодох чадварт нь ямар ч тус болохгүйг мэдэж байгаа ч гэсэн машиныг нэг бүтэн тойрч хараад санаа алдан жолооны ард суулаа. Гэтэл арын хаалга сэвхийн онгойж Хуо Тэншин орж ирж суув.
-Та энд юу хийж байгаа юм бэ?
-Энэ миний машин. Би сууж болохгүй гэж үү?
-Үгүй л дээ. Гэхдээ та намайг машинаа угаалгаж ир гэсэн шүү дээ?
гэхэд Хуо Тэншин хүйтэн царайлж:
-Чи үнэндээ машин барьж чаддаггүй биз дээ?
-Мм...тийм. Та яаж мэдсэн юм?
-Түлхүүрээ өг
Хуо Тэншин түүний оронд өөрөө жолооны хүрдний ард суухад Вэнь Чин эргэлзсэн хэвээр арын суудалд суух гэхэд:
-Би хэн нэгний жолооч хийж байсан удаагүй гэж хүйтнээр анхааруулав.
Түүний юу гэх гэснийг хэсэг зуур бодолхийлж үзээд, жолоочийн хажуугийн суудалд очиж суулаа. Машин алгуурхан хөдлөхөд Вэнь Чин ихэд болгоомжлон:
-Машиныг чинь муухай болгосонд үнэхээр уучлаарай.
-Би чамаар уучлал гуйлгах гэсэн юм биш. Машиныг угаалгахаас өмнө чамд гэмээ цайруулах нэг боломж олгоё.
-Юу хийх юм?
-Надтай хамт хоолонд ор.
-Хоол оо? Хэрэггүй ээ, би өлсөөгүй байна. Тэгээд ч тантай хоёулхнаа байх нь зохисгүй хэрэг.
-Миний машин их үнэтэй. Чиний завааруулсан бүтээлэг 100 мянган юанийн үнэтэй. Би дахиж тэрийг хэрэглэхгүй. Яахав би чамд хямдрал үзүүлээд 50 мянган юань авч болох юм. Чи бэлэн мөнгөөр төлбөрөө барагдуулмаар байна уу, эсвэл надтай ганц удаа хоол идмээр байна уу?
-Чи нөхцөл байдлыг өөрийн талд ашиглаж байна.
-Чамаас сурсан юм. Чи өчигдөр нөхцөл байдлыг ашиглаж үнээ өсгөсөн байх аа?
-Бүх баячууд чам шиг тооцоотой байдаг юм уу?
-Баян байх тусмаа нарийн байдаг гэж сонсож байгаагүй юм уу? За шийдвэрээ гарга. Мөнгөө өгөх юм уу, хоол идэх юм уу?
Вэнь Чин зөрүүд ч гэсэн хэзээ бууж өгөхөө мэддэг хүн:
-Хоол идье гэж шийдэмгий хэлсэн боловч Хуо Тэншиний нүүрэнд тодрох сэтгэл хангалуун инээмсэглэлийг хараад ямар нэг алдаа гаргасан мэт санагдав…
Номын нэр: Ноён Хуогийн дурлал
Та зохиолоо үргэлжлүүлэн унших бол Эндээс авна уу
