blog

“Лан Лан”

Бүлэг 1

Жиан Лан ханын цаг руу харвал аль хэдийн шөнө дунд өнгөрсөн байсан ч ширээн дээрх царцсан хоолнуудыг дахин халаалаа. 12 цаг 50 минутын үед хаалга онгойх чимээнээр харвал Лу Жэньчи гэртээ буцаж ирж байлаа. Хүрмээ гар дээрээ эв хавгүй тохсон түүний сайхан царайд согтуу шинж илэрхий. Жиан Лан ухасхийн босч, суганаас нь дэмжсээр ширээнд суулгаж, оройжингоо халаасан 

шөлөө аягалан барихад тэр эрүүнээс нь татан уруул дээр нь эзэрхэгээр үнсэв. Архи болон эмэгтэй хүний сүрчигний үнэр хамрыг нь дүүргэхэд Жиан Лан түүнийг дургүйцэн түлхэх гэсэн боловч хүч хүрсэнгүй, Лу Жэньчи түүний өд мэт турьхан биеийг төвөггүйхэн өргөж унтлагын өрөө тийш 

зүглэлээ. Ор луу зэрлэгээр шидээд, ямар ч илүү үг дугаралгүй дарж авахад Жиан Лан уруулаа хазаад, энэ ямар ч уянгын халилгүй араатан мэт авирыг тэвчихийн тулд өрөөний буланд байх савтай цэцэг рүү анхаарлаа хандуулав. Гэвч Лу Жэньчи эрүүнээс нь татан өөр лүүгээ харуулаад, гүн хар нүдээрээ цоргин ширтэж, хацрыг нь илэн:

-Чи яагаад ярьдаггүй юм?

Жиан Лан нулимс цийлэгнэсэн ухаалаг хар нүдээрээ хариу ширтэв. Чи намайг хэлгүй гэдгийг мэднэ шүү дээ... Гэвч тэр үргэлж ингэж асуух нь даажигнаад байна уу эсвэл харууслаа илэрхийлэх нэг арга 

нь уу гэдгийг Жиан Лан үл мэднэ. Гараас нь атгаж хацар дээрээ тавиад, толгойгоо үл ялиг 

гилжийлгэн шөргөөх дүр үзүүлэх нь яг л муур эзнээсээ энхрийлэл хүсэх мэт. Энэ бол түүний энэ асуултанд хариулах цорын ганц арга нь. Залуугийн хүүхэн хараа томрон харлахад нүдэнд нь туссан дүрс бүхэн хар цүнхээл рүү эргэлдэн эргэлдсээр живж одох юм шиг гүнзгий харагдав. Лу Жэньчи 

гарыг нь атган толгой дээр нь нийлүүлж дараад уруул руу нь тонгойлоо...

Жиан Лан нүдээ нээх үед гадаа хэдийн өглөө болсон байлаа. Орондоо ганцаараа байх бөгөөд угаалгын өрөөнөөс ус гоожих чимээ сонсогдоно. Шалаар нэг тарсан хувцсаа цуглуулан өмсөж байтал орны хажуугийн шүүгээн дээрх Лу Жэньчигийн утас жингэнэн зурвас ирэв. Угаалгын өрөөний бүүдгэр шилний цаанаас нэвт харагдах биеийг хараад утасны дэлгэцэн дээр тодрох зурвасыг зэрвэс харвал:

Шао Ян: Харьчихсан уу?

Шао Ян: Тэр муу хэлгүй дээр очих болгонд чинь миний уур хүрдэг... гэснийг уншаад Жиан Ланы сормуус чичигнэв. Угаалгын өрөөний хаалга нээгдэн Лу Жэньчи уур савсуулан гарч ирлээ. Бүсэлхийнээс доошхи хэсгээ ванны арчуураар халжээ. Саяхан угаасан үснээс нь усан дуслууд 

бөнжигнөн тасарч булчинлаг цээжин дээгүүр нь урссаар бэлхүүсний 6 толгойтод хүрээд “зам салцгаан” доошлох аж. Жиан Лан харц буруулан тонгойгоод хувцасныхаа товчнуудыг товчилж дуусгав. Лу Жэньчи шүүгээн дээрх утсаа очиж харснаа хувцсаа өмсөөд завгүй байгаа Жиан Лан руу 

харж:

-Уншсан уу?

Жиан Лан зөөлхөн инээмсэгээд толгой сэгсрэв. Хуримын өдрөө Лу Жэньчи түүнд байр суурийг нь тодорхой ойлгуулсан юм. “Үргэлж дуулгавартай байгаарай. Надад дурлах хэрэггүй, би чамд хайргүй, гэхдээ би насан туршид чинь тэжээнэ”. Тэр надад хайргүй. Зурвасыг харсан байлаа ч юу 

өөрчлөгдөнө гэж? Миний ууртай, шаналсан, гунигласан эсэх түүнд огтхон ч хамаагүй. Угаас би түүний хувьд хэн ч биш, надад бүр уурлах ч эрх байхгүй. Эсрэгээрээ, миний хайр сэтгэл түүнд дарамт л болно. Үнэндээ тэр сэтгэлийг нь мэдээд доромжлох вий, дахин хүсэхээ больчих вий гэж айна. Жиан Лан дохионы хэлээр: “Би явж өглөөний цай бэлдье” гэж хэлээд хөндүүрлэх зовиураа 

тэвчин алхаж өрөөнөөс гарлаа. Түүний турьхан биеийг араас нь хараад утсаа авч, ирсэн зурвасуудыг устгав. Жиан Лан өглөөний цайнд бэлдсэн шөлөө аягалан Жэньчигийн суудаг сандлын өмнө тавив. Хэсэг хугацааны дараа цэмцгэр хувцасласан Жэньчи ирж суугаад шөлөө халбагадахад 

өрөөнд аяга халбага харших чимээнээс өөр анир үгүй. Анхандаа тэр Жиан Лантай юм ярих гэж оролддог байсан ч түүнтэй ярих нь ганцаараа яриад байгаагаас өөрцгүй санагдах тул болиод, зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэдхэн үг л хэлдэг болжээ. 

-Хамт Лу өргөө рүү явцгаая гэхэд Жиан Лан “Тэгье” гээд халбагаа аяга ирмэгдүүлэн тавьлаа. Лу Жэньчи түүний үргэлж нэгэн хэвийн тайван дөлгөөн байдаг царайг нь ажиглав. Тэр хэзээ ч уурласан 

юм уу баярласан дүр үл гаргана. Аймшигтайгаар доромжилсон ч инээмсэглэлээ хадгалж чаддаг нь 

уур хүрмээр. Гэнэт ууж байгаа шөл нь амт муутай мэт санагдахад халбагаа үл ялиг хүчтэй тавибал нам гүм өрөөнд их чимээ гаргаж байх шиг сүртэй. Жиан Лан давхийн, айсандаа үл ялиг чичирсэн ч “Шөл таалагдсангүй юу?” гэхэд Жэньчи цамцныхаа

захыг бухимдангүй засаад:

-Зүгээр ээ, чи өөрөө ид.

Түүнийг идэхгүй бол Жиан Лан ч иддэггүйг мэдэж байлаа. Дуулгавартай нь аргагүй босч хоёр биенийхээ аяга халбагыг хураан угааж байгаа Жиан Ланыг хүйтнээр ширтээд гал тогооноос гарав. 

Жиан Лан аягаа угаачихаад, дээш гарч хувцсаа солин буцаж ирэхэд Жэньчи аль хэдийн машиндаа суучихсан хүлээж байлаа.

Жиан Лан машины цонхны цаана урсан өнгөрөх дүр зургийг ширтэн сууна. Тэр Лу овогтынд бүр жаахан байхдаа иржээ. Лу өвгөн түүнийг яг л ач охин шигээ санадаг байлаа. Гурван жилийн өмнө амьсгал хураахаасаа өмнө Жиан Ланы хойшдын амьдралд санаа зовсон өвгөн ач хүүгээ 

хүчээр түүнтэй гэрлүүлсэн юм. Хөөрхий өвгөн золгүй охиныг хүнтэй л гэрлэчихвэл насан туршдаа санаа зовохгүй амьдрана гэж итгэсэн хэрэг. Тухайн үед Шао Янтай үерхдэг байсан Лу Жэньчи өвөөгийнхөө сүрдүүлгэнд автаж гэрлэхээс өөр зам байсангүй. Гэрлэсэн хойноо ч өвөөдөө өгсөн амлалтаа зөрчөөгүй мөртөө Шао Янд ч нүүр алдалгүй өдийг хүрсэн билээ. Гэхдээ тэр хэзээ ч Жиан 

Ланыг дахин “Лан Лан” хэмээн өхөөрдөн дуудсангүй, хоорондын харилцаа нь улам л хөндийрч байлаа. Харин өнөөдөр Лу овогтийн бага охин хүү төрүүлж, 100 хоносны их баяр болж байгаа болохоор хамтдаа иржээ. Жиан Лан Лу Жэньчигийн араас мөр даран алхаж, цэцэрлэгийн хашаанд цугласан олны дундуур зүсэн гараад гол танхимд хүрч ирэв. Танхимын төвд Лу эзэгтэй зээ хүүгээ 

тэврээд, хүн болгон рүү малийтал инээж байснаа Жиан Ланыг олж харсан даруй царайгаа барайлгав. Жиан Лан түүнтэй мэхийн мэндэлсэн боловч тэр үл тоон:

-Зээ дүү нь авга ахыгаа дуурайдаг гэдэг дээ. Манай энэ зээ Жэньчигийн багийн дүртэй өвчсөн мэт адилхан... хэмээн хажуудаа байгаа охинтойгоо үргэлжлүүлэн чалчина. Лу Ванроу хүүгийнхээ зөөлөн булцгар хацрыг илээд:

-Та нар бүгд л ахтай адилхан гэх юм. Надад тэгж харагдахгүй л байгаа юм даа гэхэд Лу эзэгтэй зээгийнхээ гарыг энхрийлэн илж:

-Аргагүй шүү дээ, чи ямар Жэньчигийн ийм байх үеийг мэдэх биш гэлээ. Жиан Лан тэвчээртэйгээр тэдний хажууд зогссоор байлаа. Жэньчи “Ээж!” гэж дуудах үед Лу эзэгтэй сая л сэхээ орсон мэт:

-Өө миний хүү ирчихээ юу? Юундаа зогссон юм бэ, алив суу! хэмээн найрсгаар инээмсэглэв. Лу Ванроу түүнийг суув уу үгүй юу:

-Ингэхэд та хоёр хэзээ хүүхэдтэй болох гэж байна даа? Одоо яаралгүй бол горьгүй гэж хошуу амаа билүүдхэд Лу эзэгтэй Жэньчиг хариу хэлж амжихаас өмнө:

-Дэмий юм ярих юм. Гэрт ганц л хэлгүй байхад хангалттай. Дахиад нэг хэлгүй нэмэгдчихвэл Лу овогтын бид хүний царай яаж харах болж байна? гэхийг сонсоод Лу Жэньчи хажуудаа зогсож байгаа эхнэр рүүгээ харсан боловч тэр тонгойчихсон байсан болохоор царайны хувирлыг нь харах 

боломж байсангүй. Ванроу хүүхдийн тухай дурдах нь яавч сайн үр дагавар авчрахгүйг мэдэж байлаа. Өнгөрсөн жил Жиан Ланы жирэмсэн болсныг мэдэхгүй хүнгүй. Лу эзэгтэй ач хүү нь хэлгүй байх вий гэж айсандаа хүчээр үр хөндүүлсэн билээ. Лу Жэньчи энэ талаар олж мэдсэн ч юу ч 

дуугараагүй болохоор тэртэй тэргүй Лу овогтынд нэр муутай байсан Жиан Ланы зиндаа улам ч дор орсон юм. Хэрвээ тэр хүүхэд төрсөн бол өдийд хагас ойтой байх байлаа. Лу өвгөн өнгөрснөөс хойш 

гэрийн дотор Жиан Ланд сайн хүн нэг ч үлдээгүйн дээр багаасаа түүнтэй жөтөөрхөлцөж өссөн Ванроу ээжээсээ ч ихээр дорд үзэх болсон юм. Жиан Лан анх таван настайдаа Лу овогтынд иржээ. 

Лу Ванроу анхнаасаа л түүнийг ад үзэж, хэлгүй гэж доромжлон харанхуй зооринд түгжих, үсийг нь шатаах зэргээр зовоох бөгөөд нэг удаа шатны уруу түлхэж унагаж байхыг нь Жэньчи хараад охин дүүгээ зэмлэсэн байна. Өвөөгийнх нь хайр халамжин дээр нэмээд хайртай ахынх нь өмгөөллийг авсан охиныг Ванроу хэрхэн тэвчих билээ. Тухайн үед Жиан Лан дохионы хэл сураагүй, бичиг үсэг мэдэхгүй байсан болохоор Ванроугийн доромжлолыг хэнд ч ховлож чадахгүй байгааг нь анзаарсан 

тэр жаахан л таагүй зүйл болбол уураа Жиан Ланд гаргадаг болж. Одоо тэд өсөж том болсон болохоор Ванроугийн хорон үйл улам ч нарийн аргатай болжээ. Ванроу:

-Хэлгүй төрөх чинь эцэг эхийн аль алинаас нь шалтгаалдаг гэсэн. Гэхдээ удамших магадлал тийм ч өндөр биш гэсэн гэхэд Лу эзэгтэй язав татавхийн суганаас нь чимхээд:

-Одоо болно, яагаад энэ талаар яриад байгаа юм бэ? Би Жиан Ланы тусын тулд л хэлж байна. Хэрэв ямар нэг асуудалтай хүүхэд төрвөл Жиан Лан л хамгийн их зовно, тийм биз дээ Жэньчи?

Лу Жэньчи суудлаасаа босоод:

-Ванроу, бид ингээд явъя даа, авчирсан бэлгээ тэнд үлдээчихсэн байгаа гэхэд Ванроу сандран өндийж:

-Яагаад ийм хурдан явж байгаа юм бэ? Зарим зочид ирж амжаагүй байна. Ахаа, ядаж хоол 

идчихээд яв л даа.

-Хэрэггүй ээ, компани дээр ажилтай гээд Жиан Ланы гараас хөтлөн эргэж ч харалгүй Лу өргөөг орхив. Ванроу ахныхаа сэтгэлийг үнэхээр ойлгохгүй байлаа. Найз охинтой байсаар байхад нь өвөө хүчээр гэрлүүлсэн атал тэр муу хэлгүйд муу хандахгүйгээр барахгүй, гэрлэснийхээ дараа түүний 

төлөө гэрээсээ нүүсэн. Гэтэл Жиан Ланд сайн юм уу гэхээр хүүхдийг нь авахуулж байсан ч үг үл дуугарахаас гадна гэрээсээ ч үл гаргана. Ямартаа ч сайн муу аль нь ч бай, ямар ч тохиолдолд Жиан Ланыг хамгаалах бөгөөд гэрлэлтээ цуцлуулдаггүй билээ. 

Жэньчи ямар нэгэн зүйлд уурссан бололтой, машинд суунгуутаа тамхи баагиулан татав. Харин Жиан Лан урьдын адил тайван царайлан намуухан инээмсэглээд түүнийг тамхиа татаж дуусахыг хүлээн эзнээ царайчлах боол мэт дуулгавартай суух нь улам ч уурыг нь бадрааж байлаа.

-Ванроугийн хэлснийг сонсоод чамд юу бодогдов?

Жиан Лан: “Юу?”

Жэньчи жолооны хүрдийг чанга атгаад:

-Хүүхэдтэй болох талаар! гэхэд Жиан Ланы хөшмөл царай хэсэг зуур барайсан ч даруйхан инээмсэглэл тодруулаад:

“Ээжийн зөв. Бид хүүхэдтэй болж болохгүй”

Цаг хугацаа өнгөрөх тусам Жиан Лан энэ амьдралд цорын ганц үнэн байгааг ухаарсан юм. Түүний мөрөөдөл, хүсэл бүхэн шилэн шаазан цардмал зам дээр шидэх мэт бутран замхрана. Илүү том мөрөөдөж, илүү ихийг хүсэх тусам илүү гарзтай, илүү шаналалтайгаар бутран унах болно... Яг л тэр 

нэг төрсөн өдрийн бялуу шиг... Бага байхдаа төрсөн өдрөөрөө бялуу авахыг ихэд хүсдэг байсныг нь мэдсэн Лу өвгөн нэгэн төрсөн өдрөөр нь томоос том сайхан бялуу авч өгчээ. Яг хүслээ шивнэн лааг үлээх мөчид Ванроу хажуунаас нь түүний нүүрийг бялуунд нялахад өрөөнд байсан бүх хүн хөгжин 

инээлдэж билээ. Харин түүнд огтхон ч инээдтэй байсангүй. Арга ядахдаа хэл сунган долоосон бялуу нь ч төсөөлсөн шиг сайхан амт байхгүй юм шиг санагдаж билээ. Тэдний хувьд бялуу бол иддэг зүйл биш. Яг л Лу Жэньши түүнийг эмэгтэй хүн мөртлөө төрж болохгүй гэж боддог шиг...

-Өнгөрсөн шөнө хамгаалалт хэрэглээгүй...

“Би эм уучихсан”

Лу Жэньчи түүний гарын хөдөлгөөнийг алдалгүй ажиглана. Нарийхан гоолиг хуруунууд нь сурамгай хөдлөх нь яг л бүжиглэж байгаа юм шиг харагдаж сэтгэлийг нь татдагыг хэн ч мэдэхгүй. 

-Сайн байна.

Жиан Лан толгой гудайлгалаа. Намайг давхар туршиж байх шив. Тэр ч бас ээж шигээ, намайг хэлгүй хүүхэд төрүүлж өөрийг нь шившиг болгох вий гэж айж байна. Жиан Лан сэтгэл хөдлөлөө дарж чаддагтаа, түүнд өгсөн сэтгэлээ нууж чадсандаа баярлав…



Бүлэг 2


Жэньчи түүнийг ажилладаг кафеных нь үүдэнд ирж буулгатал яг тэнд Шао Ян хүлээн зогсож байх нь тэр. Хаа ч явсан бусдын харцыг булааж байдаг энэ өндөр гоолиг эмэгтэй буржгар хар үсээ намируулан гунхаж, Жэньчиг хаанаас ч олж чаддаг авъяастай. Лу Жэньчи, Жиан Лан хоёрыг 

машинаас бууж ирэхийг хараад уур нь дүрэлзэж, нүд нь очтон гялалзав. Жэньчи Жиан Ланы өмнө огтхон ч гэмшсэн шинжгүй:

-Чи энд юу хийж яваа юм? гэж асуух нь ингэж таарсан тохиолдол анхных биш гэдэг нь илэрхий. Шао Ян хажуудаа зогсож байгаа Жиан Ланыг хараад, хүзүүн дээр нь үзэгдэх бүдэгхэн улаан толбыг анзаарсан ч дүрэлзэж ирсэн уураа даран инээмсэглэж:

-Би энд ирээгүй бол яаж чамайг олох юм бэ? гэхэд Жэньчи Жиан Лан руу хараад:

-Ажил руугаа ор гэлээ. Жиан Лан толгой дохиод Шао Яны хажуугаар зөрөн кофешоп руу орлоо. Өчнөөн олон газар ажилд орох хүсэлт өгсөн ч ганц энэ кофешоп л ажилд авахыг зөвшөөрсөн юм. 

Түүнийг далд оронгуут Шао Ян үсрэн ирж Жэньчигийн гарнаас зүүгдэн хошуу цорвойлгож:

-Чи надад уурлаад л байгаа юм уу? гэж хэл зажлав. 

-Машинд ороод ярилцья гээд алхахад Шао Ян ихэд дотноор гарыг нь тэвэрсэнд Жэньчи огтхон ч дургүйцсэн янзгүй. Машинд ойртож ирээд суудал дээр суухынхаа өмнө Шао Ян цүнхнээсээ халдваргүйжүүлэх цацлага гаргаж ирээд, сэжиглэн ярвайж, саяхан Жиан Ланы сууж байсан суудал руу хэдэнтээ цацсаны эцэст сая инээмсэглээд:

-Ариутгачихлаа! гэхэд Жэньчи түүний энэ үйлдлийг ганц ч үг дугаралгүй өршөөнгүй харж байлаа. 

Кофешопын цонхоор тэдний араас ажиглаж байсан Жиан Лан нөхрийнхөө тэр эмэгтэйг гэх сэтгэлийн гэрч болж зогсов. Хайрлагдсан эмэгтэй ийм учир утгагүй, ёс зүйгүй үйлдэл хийж байсан ч зөв байдаг аж. Бүр хууль ёсны эхнэрийг ч эр нөхрийнх нь өмнө гутаан доромжилж болдог аж. 

Ариутгал хийснийхээ дараа л машинд орж суусан Шао Ян буржгар үсээ тольдож засаад 

Жэньчигийн гараас атгаж:

-Яагаад дүнсгэр царайлчихав аа? Би дахиж салалтын талаар дурсахгүй гэвэл яаж байна? гэлээ. Жэньчи түүнд үргэлж сайн хандах атал тэр хэлгүй хүүхнээс салах тухай дурдах төдийд дүнсгэр царайлж орхино. Тэр хүүхэнд хайргүй ч өвөөдөө өгсөн амлалтаа зөрчихгүй гэж хэлэх бүрт Шао Ян уурлахгүй байж үл чадна. Бүгд түүнийг Жэньчигийн нүдний цөцгий, гэрлэлтээс бусад бүх зүйл 

түүнийх гэж ярьцгаах авч энэ бүх халамж анхаарал түүнд хангалтгүй байлаа. Лу Жэньчи үнэхээр надад хайртай байсан бол ганцаардлын хүйтэн шөнө хоосон дэр тэврэн хонохыг минь зөвшөөрөхгүй байсан. Амлалт гэнэ шүү. Аль гурван жилийн өмнө үхчихсэн өвгөнд өгсөн амлалт одоо хэнд хамаатай юм? Тэр ер нь хэнд нь хайртай юм бол? Хэнд ч биш, өөртөө л хайртай биз.

Лу Жэньчи машиндаа суугаад тамхи гарган хоёронтоо гүнзгий сорон үлээж машин дүүрэн утаа дуниартуулаад, сая ам нээж:

-Шао Ян, би чамд өмнө нь ч хэлж байсан. Би чамд гэрлэлтээс бусдыг өгнө гэж. Энэ бол миний чамд өгсөн амлалт, би амлалтаа зөрчдөггүй. Өвөөдөө өгсөн амлалтаа ч зөрчихгүй гэлээ. Тэр өвөөдөө өөд 

болохоос нь өмнө үлдсэн амьдарлынхаа турш Жиан Ланыг харж хандана гэж амласан юм. Энэ насандаа ердөө хоёрхон хүнд амлалт өгсөн нь өвөө, Шао Ян хоёр билээ. 

Дахиад л нөгөө хараал идсэн амлалт! Энэ үгийг сонсох бүрт дэлбэрэхээ шахах юм. 

-Тийм ээ, би чамайг хэлсэн үгэндээ хүрдэгийг мэднэ. Гэхдээ... чамтай анх учирсан хүн нь би шүү дээ... гэж уураа даран дүнсгэр царайлав. Жэньчи тамхиныхаа сүүлчийн хэсгийг сорж дуусаад 

соруулыг нь үнсний саванд дарж нухлаад хоолой нь арай зөөлөрч:

-Би чиний өмнө буруутай. Юу авмаар байна, шууд хэл? гэхэд Шао Яны царай гэрэлтэж:

-Би дахиж ферраригаа унамааргүй байна, Масерати аваад өг! 

Жэньчи ч найрсгаар инээмсэглээд:

-Ойлголоо, явж авцгаая.

-Бас тэр хэлгүйтэй бүтэн нэг сар уулзахгүй шүү!

-Тэгье ээ.

Сэтгэл хангалуун болсон Шао Ян малийтал инээж “За одоо ажил руу явцгаая” гэлээ. Тэднийг алсаас ажиглан зогссон Жиан Лан өөрөө ч мэдэлгүй хормогчоо үрчийлгэн чанга гэгч базаж байгаагаа машин хөдөлж, нүдэнд үзэгдэхээ больсны хойно л сая анзаарч хормогчоо гараараа хэдэнтээ илбэн 

тэнийлгэх гэж оролдох нь өөрийнхөө сэмэрч “үрчийсэн” сэтгэлийг засах гэж оролдох мэт. 

-Уур чинь хүрэхгүй байна уу?

Сүрчигний таатай үнэр хамар цоргиход Жиан Лан толгой өргөн өгүүлэгч этгээдийг олж харлаа. Энэ бол кофешопын эзэн бүсгүй Ши Нинь. Богино ханцуйтай хар цамц, халимаг үс, өргөн жийнсэн өмд, 178см өндөртэй түүнийг ярихаас нааш гаднаас нь хараад эмэгтэй гэж хэлэхээргүй. Анх ажлын 

ярилцлагад орж байхдаа гэнэт хацарнаас нь чимхэж авсан түүнийг эрэгтэй гэж бодоод айж байж билээ. Жиан Лан амны арчууруудыг эвхэж тавингаа “Би дасчихсан” гэж дохив. Дөнгөж дохионы хэл сурч байгаа Ши Нинь-д “би дассан” гэдэг энэ үг хамгийн гашуун, хамгийн хүлцэнгүй дохио шиг 

санагдав. Жиан Ланы улайсан нүдийг харж хөмсөгөө зангидаад гарт нь аягатай цай атгуулж:

-Чиний дуртай сүүтэй матча гэлээ. Цайг авч сороход өтгөн кремны зөөлөн тослог амт завьж дүүргэх нь нэн таатай. Ши Нинь гар сунган Жиан Ланы хацрыг чимхээд:

-Чи ч мангуу амьтан юм даа гэхэд хоолойн өнгөнд бухимдсан, өрөвдсөн өөр нэгэн далд утга байх шиг сонсогдов. Жиан Ланы хүүхдийнх шиг булцгар хацар, урт дэрэвгэр сормуустай дүрлэгэр нүд, цэвэрхэн тунгалаг царай яг л өхөөрдөм хүүхэлдэй шиг харагдах тул Ши Нинь боломж л олдох юм бол хацарнаас нь чимхээд авдаг болсонд анхандаа Жиан Лан гайхан эвгүйцдэг байсан бол одоо нэгэнт дасал болжээ. Дасал болох... хамгийн таагүй зүйлд ч дасал болох, хамгийн муухай зуршилд ч дасал болох...үнэхээр аймар зүйл биш гэж үү.

Ши Нинь Жиан Ланы яриаг ойлгохын тулд өнгөрсөн жилээс эхлэн дохионы хэлний видео хичээл үзсээр одоо ихэнх хэлсэн зүйлийг нь ойлгодог болжээ. Түүнтэй дотно байхыг аль чадахаараа хичээх ч Жиан Лан төдий л хичээхгүй, зай барих гэж оролдох нь ямар учиртайг өөрөөс нь өөр хүн үл мэднэ. 

Түүний хувьд “найз” байсан хамгийн сүүлчийн хүн нь саяхан нүдэн дээр нь басамжлан нөхрийг нь сугадаж одсон, суусан сандлыг нь хүртэл бузар гэж үзэн ариутгасан мөнөөх бүсгүй билээ. Ши Нинь нүдээ сүүмийлгэн ямар нэг зүйл бодолхийлснээ нэг сайхан санаа олсон мэт сэргэж, Жиан Ланы 

гараас хөтлөөд “Алив намайг дагаад яв” хэмээн дээд давхар руу чирэхэд Жиан Лан аягатай цайгаа арайхийн ширээн дээр үлдээж амжив. Ши Нинь нэлээд хөрөнгөлөг айлын охин бөгөөд энэ кофешопыг ажиллуулахаас гадна дээд давхартаа зургийн урлантай. Гэрийнхэн нь зураач болохыг нь эсэргүүцсэн тул кофешоп ажиллуулах нэрийдлээр өөрийн сонирхлыг хөгжүүлдэг юм. Бас ч үгүй 

өөрийгөө “алдартай зураач” хэмээн цоллохыг яана. Өрөөнд орж ирэнгүүтээ төв дунд байрлах сандал дээр Жиан Ланыг түлхэж суулгаад:

-Хөдөлж болохгүй шүү, чиний өнөөдрийн ажил бол миний модел болох! гэхэд Жиан Лан ч дуртайяа хөдөлгөөнгүй суув. Ши Ниньд урьд нь ийм тэвчээртэй модел олдож байгаагүй болохоор Жиан Ланыг зурах их дуртай, түүний зургийг хэдэн арван удаа зуржээ. 

Ханын цаг чаг чаг хийсээр...

Үд дунд болоход гадаа аадар бороо цутган орж, өрөөнд аадрын битүү нүргээнээс өөр чимээ үгүй. 

Гэтэл удалгүй доод давхарт хөл хөдөлгөөн ихсэж буй бололтой, Ши Нинь Жиан Лан хоёрын утас зогсоо зайгүй дуугарч эхлэв. Жиан Лан хариулахыг хүссэн ч хөдөлж зүрхэлсэнгүй. Удалгүй Ши Нинь 

тэсгэл алдарч бийрээ ууртай нь аргагүй чулуудаад:

-За за болъё. Дараа л үргэлжлүүлэхээс. Хоёулаа доошоо бууж юу ингэтлээ сандраагаад байгааг харъя.

Борооноос хоргодох гэж олон хүн орж ирснээс гадна үнэгүй хоргодохоос санаа зовсон хүмүүс бүгд кофе захиалжээ. 

-Захирлаа, бидэнд маш их хүргэлтийн захиалга байгаа ч хүргэж өгч амжихгүй байна. Та зохицуулж чадах уу? хэмээн залуухан зөөгч бүсгүй захиалга хүргэн тасралтгүй шогших зуураа асуув. Ши Нинь 

захиалгын хуудаснуудыг шүүрэн авч гүйлгэж харснаа:

-Ийм олон юм уу? За яахав, бүгдийг нь надад өгчих гээд хэн нэгнийг хайх мэт заалыг тойруулан харснаа цорын ганц завтай хүн нь Жиан Лан байгааг анзаарав. Түүнийг зангаж дуудаад “Алив надтай хамт яваад энэ хүргэлтүүдийг хийе” гэхэд Жиан Лан дуулгавартайгаар хормогчоо тайлаад 

бэлдэж тавьсан кофенуудыг авлаа. Ихэнх нь ойрхон газрын захиалга байсан ч үлдсэн хэд нь хол байгааг анзаараад Ши Нинь мопедоо унаж явахаар шийдэв. 

-Жиан Лан, чи кофенуудаа бариад араар сундалчих, би жолоодъё гээд Жиан Ланд дуулга өмсгөж өглөө. Жиан Лан шүхэр дэлгэж барих гэтэл “Мопед дээр яаж шүхэр барьж явах юм бэ, хийсчихнэ” 

гэсэн тул буцаан хурааж орхив. Гадаа аадар асгартал орж, аянга цахин тэнгэр нүргэлэх агаад үд дунд атал шөнө орой мэт бүрэнхий болжээ. Ойрын хүргэлтүүдээ өгчихөөд дараагийн зогсоол дээр ирвэл Жиан Ланы сайн мэдэх тэнгэр баганадсан өндөр барилга байлаа. Лу Жэньжигийн ажил!

Тэр хоёр шалба норж, Жиан Лан тойлсны ачаар кофенууд л хуурай үлдэж. Ши Нинь дуулгыг нь тайлж өгөөд тэд хоёул дотогш оров.

-Энэ хүмүүс солиотой байх аа, яахаараа ийм том барилгад кофешоп байдаггүй байна аа? гэж хараасаар Ши Нинь Жиан Ланы гараас кофенуудыг авав.

-Би оруулж өгчихөөд ирье, чи эндээ хүлээж байгаарай гээд цахилгаан шат руу явсан хойно Жиан Лан өвөл айсуйн дохио болсон азарган бороог бодолд автан ширтэн зогсож байлаа. Лу өвгөн түүнийг өргөөндөө авчирсан өдөр яг ийм бороотой байж билээ. Өвөөгийнх нь ард нуугдсан бяцхан охиныг олж харсан 9 настай Лу Жэньчи хэн болохыг нь өвөөгөөсөө асуусан юм. “Би чамд сайн сүйт бүсгүй олж ирлээ” гээд өвгөн хөгжилтэй инээхэд Жэньчи хүү “Би ийм сармагчин шиг эхнэртэй 

болохгүй” гэж дургүйцэж билээ. Тийм дээ, тухайн үед Жиан Лан үнэхээр л хэрзгэр туранхай, зэгэл саарал үстэй сармагчин шиг амьтан байсан. Жэньчид амьтны хүрээлэнд харсан сармагчинтай нь төстэй харагдах нь аргагүй. Жэньчи даажин хийсэн ч гэсэн үргэлжлүүлэн “Чи одооноос сайн идэж 

байгаарай, ийм туранхай байх юм бол чамтай гэрлэхгүй шүү” гэж хэлж билээ. Тоглоомоор хэл эн үг байж мэдэх ч Жиан Лан энэ үгийг нь нухацтай хүлээж авсан юм. Түүнийг ийнхүү бодолд автан зогсож байтал хэн нэгний танил хоолой анхаарлыг нь татав. 

-Гадаа бороо орсон чинь ажил хийх сонирхолгүй болчихлоо, түрүүлээд явлаа шүү хэмээн өндөр өсгийт тачигнуулсан бүсгүй утсаар ярин алхсаар хаалгаар бараг гарахын даваан дээр бороонд нэвт норсон Жиан Ланыг олж харан зогтусав. Шао Ян.

-Жиан Лан? гэж дуу алдаад утсаа даруйхан салгасан боловч нөгөө үзүүрт Лу Жэньчи энэ нэрийг сонсож амжив. Шао Ян эрхэмсэгээр алхлан тулж ирээд, үүдний танхимыг тойруулан харснаа:

-Чи Жэньчитэй уулзахаар ирсэн юм уу? гэхэд Жиан Лан “үгүй” хэмээн сандран гараа сэгсрэв. Шао Ян хэт авиан шинжилгээ хийх мэт түүнийг хөлөөс толгой хүртэл нь хараад:

-Гэмгүй царайлчихаад, нэвт норчихсон болохоор Жэньчи чамайг хараад өрөвдөнө гэж бодоо юу? Айхтар зальтайг чинь надаас өөр хүн мэдэхгүй юм даа гээд нойтон үснээс нь тугийг татаж шувтраад

-Гэхдээ үнэхээр зүрх эмтрэм харагдаж байна шүү гэлээ. Жиан Лан түүний царай өөд харвал бардамналаар дүүрэн харагдана. 

-Харамсалтай нь энэ чинь ямар ч нэмэргүй. Чи угаасаа түүний хувьд гэрийн тэжээвэр муур нохой төдий гэдгийг мэднэ биз дээ? Эзэн нь хааяа муураа илснийг хайр гэж андуурч явдаг юм биш биз? Хэрэв тийм бол наад бодлоо татаж үзээрэй!

Жиан Лан тэртэй тэргүй хүйтэн бороонд норж даарснаас хувхай цагаан болсон уруулаа хазлав. Угаас Жэньчигийн хандлагыг түүгээр хэлүүлэлтгүй мэдэх болохоор цочирдсонгүй. Жэньчигийн түүнийг харж байгаа харц яг л гэрийн эзэн нохойгоо харж байгаа мэт байдаг билээ. 

Аз болж энэ үеэр кофегоо хүргэж дууссан Ши Нинь буцаж ирэн тэдний яриаг сонсчээ. Жиан Ланыг хамгаалан өмнүүр нь орж 

зогсоод Шао Яныг хөлөөс нь толгой хүртэл сонжин харав.

-Хм, хаанаас гэнэт ийм хөгшин тахиа гараад ирэв? Юундаа донгодоод байгаа юм? Үүрээ олохгүй байгаа юм уу? гэхэд Шао Яны бардам царай огцом өөрчлөгдөж:

-Хөөе чи, өглөө босоод шүдээ угаахаа мартчихаа юу? Ам ангайх болгондоо өмхий үг унагаад байх юм. Эсвэл энэ угаасаа чиний ярих хэв маяг юм уу? 

Ши Нинь бардам гэгч нь эрүүгээ өргөн гараа энгэртээ зөрүүлээд ярвайж:

-Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Зөрүүлээд хэрэлдэх чадваргүй хүнийг доромжилж бах таваа хангадаг юм уу? Үнэнийг хэлэхэд чам шиг хүнтэй анх удаа л таарч байна. Олон хүний өмнө хүн доромжилж хашхичаад. Эсвэл энэ бүх хүн чамайг энгийн нэг орилоо тахиа гэдгийг чинь мэдээсэй гэж хүсээд байгаа юм уу? гэхэд Шао Яны царай минчийн хүрэнтэв.

-Чи муу...

Тэр “энгийн” гэдэг үгэнд ясны дургүй. Хэрвээ Жиан Лан л байгаагүй бол би “энгийн нэгэн” биш, Лу Жэньчигийн эхнэр болох байсан. Яаж намайг ингэж доромжилж чадаж байна аа? Лу Жэньчигийн ивээл дор тэр үргэлж бардам ихэмсэг байж ирсэн болохоор хэн ч түүнийг улаан нүүрэн дээр нь ингэж доромжилж байсангүй. Шарлахсандаа алгадах санаатай гараа далайн байдаг хүчээрээ буулгатал Ши Нинь самбаачлан бултсанаар өндөр өсгийттэй Шао Ян эрчиндээ тэнцвэр алдаж, газар тэрий хадан ойчиж орхив. Унахдаа шагайгаа булгалсандаа юу, уурандаа юу, нулимс асгаруулан ориллоо. Ши Нинь Шао Яны дээрээс өнгийж:

-Намайг алгадаж чадна гэж бодоо юу? Гэртээ хариад шөл идэж тэнхэрч үз гэж шарыг нь маажлаа. 

Гэнэтийн явдалд цочирдож гүйцсэн Жиан Ланы гараас татан “Явцгаая” гээд гарахад нүдний нь буланд Шао Ян руу сандран ирж яваа Лу Жэньчи үзэгдэв. Тэр даанч бороонд норж яваа Жиан Ланыг анзаарсангүй. Ши Нинь мопедоо асаан зүсрэх бороо руу шунган ороход үзэсгэлэнт өндөр 

барилга улам бүр бүдгэрсээр бороонд уусан шингэлээ… 



Та зохиолоо үргэлжлүүлэн унших бол Эндээс авна уу


Номын нэр: “Лан Лан” 




Messenger