blog

Гэрлэлт 1

Бүлэг-1.

-Май, энэ банкны картыг ав. Гэртээ авмаар байгаа бүх юмаа аваарай, нууц код нь 131214.

Хэдэн цаг өнгөрсөн ч түүний шинэ нөхрийн өглөө ажилдаа явахаас өмнө, гарт нь банкны карт атгуулахдаа хэлсэн эдгээр үгс Жиан Раны чихэнд сонсогдсоор байлаа. Үнэндээ тэр нөхрийнхөө талаар бараг л юу ч мэдэхгүй. Түүний мэдэх зүйл нөхрийнх нь овог Чин гэдгээс цаашгүй. Жиан Ран ердөө хоёр удаа уулзсан залуутайгаа гэрлэх зориг хаанаас нь гарсныг ч үл мэднэ.

10 өдрийн өмнө Жиан Ран сайн найз Линг Фэйюүгийн хүсэлтээр сохор болзоонд явж, энэ Чин Юү хэмээх залуутай танилцжээ. Үнэндээ уулзахаас өмнө түүнд ямар ч найдлага байсангүй. 3 жилийн өмнө түүнд тохиолдсон явдлаас хойш Жиан Раны шаардлага өндөр байхаа больжээ. Тэр зүгээр л энгийн амьдарлаар амьдрахыг хүсч байлаа. Хэрэв хүн өндөр шаардлага тавихаа больчихвол эсрэг талдаа сайхан сэтгэгдэл үлдээн, өөр зүйлд анхаарлаа хандуулахад л сэтгэл хангалуун болдог билээ. Тэр өөрт таалагдсан залуугаа олж гэрлэн, эцэг эхээ мартахыг хүсэж байлаа.

Түүний болзоот залуу яг цагтаа ирэв. Ажил хэрэгч хувцаслалт нь түүнийг энэ болзоонд багагүй ач холбогдол өгснийг нь илтгэнэ. Жиан Раны анхны сэтгэгдэл муугүй байв.

-Сайн байна уу, хадагтай Жиан. Намайг Чин Юү гэдэг хэмээн товчхон энгийн мэндчилэв. Хэдий товчхон зүйл хэлсэн ч түүний хоолой ер бусын, хүнийг өөртөө татах чадвартай ажээ. Богинохон харилцан ярианы дараа тэд утасны дугаараа солилцон болзоо өндөрлөв. Жиан Раны хувьд энэ болзоо бусад сохор болзооны л адил өнгөрч, бусдын адил үр дүнгүй дуусах байх гэж бодож байтал хоёр хоногийн дараа түүнээс дуудлага ирлээ. Нөгөө л найрсаг дотно хоолойгоороо "-Хатагтай Жиан, та өнөө орой завтай юу?"

Тэр орой Чин Юү түүнийг Сичуан үндэсний зоогийн газар урилаа. Жиан Ранд энэ уулзалт тун ч тухгүй байсан тул эвтэйхэн түрүүлж явах арга хайж суулаа. Чин Юү хэсэг түгдэрснээ "-Би ирэх лхагва гарагт завтай. Тэр үеэр явж гэрлэлтийн гэрчилгээгээ авбал ямар вэ?" гэх нь тэр. Жиан Ран гайхсанаа нууж чадсангүй "-Юуны гэрчилгээ гэнээ?"

-Гэрлэлтийн гэрчилгээ хэмээн Чин Юү давтан хэлсэн хоолойн өнгөнд ямар ч тоглосон шинж байсангүй.

-Гэрлэлтийн гэрчилгээ гэнээ ? хэмээн бас л сонссондоо итгэж чадсангүй асуулаа. Гараа явуулан гуяа чимхэж үзэхэд өвдөж байгааг бодоход зүүдлээгүй бололтой. Анх удаа өмнөө суугаа залууг илүү нухацтай харав. Өргөн хөмсөг, гялалзсан нууцлаг нүд, өөгүй цэвэрхэн царай... Тэр маргаангүй царайлаг юм. Энэ залуу дөнгөж хоёрхон удаа уулзаж байгаа бүсгүйдээ гэрлэх санал тавилаа гэж үү. Жиан Раны бодлыг таслан тэр намуухан, дур булаам хоолойгоор:

-Би бодохдоо энэ болзоо гэр бүл болцгоон, үр хүүхэдтэй болж энгийн амьдралаар амьдрах зорилготой уулзалт гэж бодсон. Та надтай адилхан зорилготой ирээгүй гэж үү?

-Тэр ч тийм л дээ. Гэхдээ энэ чинь бидний дөнгөж хоёр дахь уулзалт. Энэ хэтэрхий хурдан гэж та бодохгүй байна уу?

-Энэ жаахан хурдан л даа. Гэхдээ би эхний уулзалтын дараа хоёр хоногийн турш бодсон. Таны надад үлдээсэн анхны сэтгэгдэл муугүй байсан. Бидний хувь хүний шинж чанар хоорондоо зөрчилдөхгүй юм шиг санагдсан учраас би оролдоод үзэхээр шийдсэн юм.

Жиан Ран бага зэрэг бухимдаж:

-Гэрлэлт гэдэг тоглоом биш. Оролдоод үзээд болохгүй бол... гэтэл түүний үгийг таслан

-Жиан Ран, бид хүүхдүүд биш, насанд хүрсэн хүмүүс. Бид жинхэнэ хайр гэж байдаггүйг хоёулаа мэдэж байгаа. Юу хүсдэгээ мэдэж байхад л хангалттай биш гэж үү?

Жиан Ран түүн рүү эгцлэн ширтэв. Тэр даруухан, төлөв төвшин царайтай хүн ажээ. Яг л түүний гэрлэх хүнээ төсөөлдөгтэй адил. Гэхдээ тийм байлаа гээд үлдсэн амьдарлаа энэ хүний гарт даатгаж болно гэж үү? Энэ боломжтой гэж үү?

Түүний эргэлзэж байгааг харсан Чин Юү:

-Уучлаарай, би таны хүслийг бодолгүй хэтэрхий түрэмгий ааш гаргачихлаа. Та бодож үзээд шийдээ хэлээрэй.

Жиан Ран гэртээ хариад шөнөжингөө энэ талаар бодов. Хамгийн чухал зүйл нь тэр хоёр хайрын талаар адилхан бодолтой ажээ. Түүний шархалсан зүрх хайр байдаг гэдэгт итгэхээ болиод удаж байгаа юм.

Маргааш өглөө нь Жиан Ран түүн рүү залган саналыг нь зөвшөөрч байгаагаа хэлэв. Тэр өдрийнхөө үдээс хойш тэд гэрлэлтээ батлууллаа. Иргэний бүртгэлийн газраас гэрлэлтийн гэрчилгээгээ бариад гарч ирэхэд түүний зүрхэнд үгээр илэрхийлж боломгүй сонин мэдрэмж төрөв. Гэрлэлт гэдэг төсөөлж байсан шиг нь энгийн зүйл биш ажээ. Энэ бяцхан гэрчилгээ түүний амьдралд энэ залууг эргэлт буцалтгүйгээр оруулж орхив.

Өчигдөр Жиан Ран Чин Юүгийн гэрт нүүж иржээ. Чин Юү шууд өөрийн санаачлагаараа тусдаа өрөөнд унтав. Жиан Ран түүнийг банкны карт өгнө гэж огтхон ч төсөөлсөнгүй. Чин Юүгийн бүх эзэмшлийг тэр хуваалцах эрхтэй гэж үү?

"Жиан Ран, бүх томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч нар, захирлуудын зөвлөл, бас шинээр томилогдож байгаа гүйцэтгэх захирал ирэх болчхоод байхад юугаа гөлрөөд зогсоод байгаа юм бэ" гэсэн олон нийттэй харилцах хэлтсийн менежер Шү Юйгийн хоолой түүний бодлыг таслав.

-Уучлаарай Шү менежерээ, би анхааралтай байна аа

-Чи энд зөвхөн туслахаар ирсэн, битгий асуудал үүсгээрэй хэмээн нухацтай хэлэв.

-Уучлаарай, дахиж ийм байдал гаргахгүй гэхэд Шү менежер түүнрүү хэсэг хараад цаашлан одов. Шү менежер алга ташин бүгдийн анхаарлыг татаад "Өнөөдөр чухал өдөр. Хэн ч жижигхэн ч болов алдаа гаргаж болохгүй шүү!" гээд бүх ажилчдыг тойруулан харав.

"Ойлголоо" хэмээн PR хэлтсийн ажилчид болон бусад албадаас тэдэнд туслахаар ирсэн ажилчид нэгэн дуугаар хариуллаа. Шү Юй менежер Жиан Ранруу эргэн "-Чамайг хэлтсийнхээ хамгийн шилдэг нь гэж сонссон. Тиймээс чи шинэ захирлын ажилд туслаарай, бусад хэрэгт анхаарах хэрэггүй" гэв. Жиан Раныг толгой дохин, үг хэлэх гэтэл Ма Дунно урьтан "-Хөөх Жиан Ран, шинэ захирал гэрлээгүй бол чи ч тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг биз" хэмээн атаархлаа нууж ядан хэлэв.

Хэдий захиралтай ойр ажиллах нь сайхан боломж гэж бодоцгоож байвч, нөгөө талаар эрсдэлтэй учир Жиан Раны оронд орохыг хүсэх хүн байсангүй. Шү Юй Ма Дунно руу харан "энэ явдал бид бүхний ирээдүй хойчтой шууд хамааралтай юм гэдгийг сайн ойлго" хэмээв. Жиан Ран өөрийгөө тайвшруулан гүнзгий амьсгаа авав. Энэ гэнэтийн явдалд хэн ч Шү менежерийг буруутгасангүй. Бүгд компанидаа амар амгалан ажиллаж байтал захирлуудын зөвлөл шинэ CEO томилох гэж байгаа талаар цуурхал тарж, тэд сандарсан билээ. Хэдий цуурхал газар авсан ч шинэ захирлын талаарх мэдээлэл маш нууцлаг байлаа. Бүх алба хэлтсийн дарга нар төрөл бүрийн сувгаар мэдээлэл олох гэж оролдсон ч чадсангүй. Жиан Ран хэдийгээр элдэв хов жив сониучирхаад байдаггүй ч энэ удаа шинэ захирал ямархуу хүн бол хэмээн сонирхож, орох хаалгаруу хүзүү сунган ширтэж байлаа.

"Тэд ирлээ, ирлээ" хэмээх угтан авагчийн дуу бүх ажилчдын сонорт хүрэв. Бүгд байр байрандаа биеэ цэхлэн хүлээлээ. Жиан Ран Шү менежерийг даган, шинэ нууцлаг захирлаа угтахад бэлдэв. Хэдэн хормын дараа тэр мөнгөлөг саарал хослол өмссөн эрийг олж харлаа. Түүнийг хэд хэдэн хар хослолтой эр дагалджээ. Харангуутаа Жиан Раны нүд нь орой дээрээ гарахаа шахав. Тэр мөнгөлөг хослолтой эр яахын аргагүй түүний шинэ нөхөр Чин Юү байлаа. Хий юм харж байна гэж бодоод нүдээ анивчин толгойгоо сэгсрээд дахин харсан боловч түүний харж байгаа царай өөрчлөгдсөнгүй. Өөгүй цэвэрхэн царай, булчинлаг өндөр биетэй дэгжин залуу. Магадгүй энэ зүгээр л нөхөртэй нь адилхан царайтай хүн байх.

-Ч..Чин Юү?

Жиан Ран өөрийн мэдэлгүй нэрийг нь амандаа чангаар хэлж орхив. Түүний хоолойг сонсоод мөнөөх залуу толгой эргүүлэн харахад Жиан Ран сандарсандаа амьсгалахаа мартах шахлаа. Тэр түүний "энгийн" нөхөр нь өөрийнх нь ажилладаг компанийн захирал болно чинээ зүүдэлсэн ч үгүй. Залуу эр Жиан Ран руу яг л огт танихгүй хүн харж байгаа мэт хэсэг харснаа өөр тийш анхаарлаа хандуулав.

Миний гэгээ

Бүлэг 1

Төгсөх курсийн оюутан би төрөлх Үши хотдоо нягтлан бодох бүртгэлийн жижигхэн компанид дадлагын ажлаа дуусгаад, 3 дугаар сарын сүүлээр Наньжин хот дахь их сургуульдаа буцаж ирлээ. Үнэндээ би гэртээ үлдэж, буйданд тухлан өдөржингөө зурагт үзэж, үнэгүй амтат хоолоор дайлуулсаар байхыг илүүд үзэх байсан ч ээжийн минь эелдэг зан хязгаартаа хүрч, намайг бараг л хөөж явуулав. Хөөгдөхөөсөө өмнө сүүлчийн удаа хөргөгчийг нь хоосолж амжсан би буцах унаанд суусныхаа дараа бүх найзууд руугаа:

“Би одоо Наньжин руу явж байна. Та бүхэн намайг сургуулийн хаалган дээр сүр дуулиантайгаар хүлээж авна гэж найдна” гэж зурвас илгээв. 10 минутын дараа Ши Жинээс хариу ирлээ:

“Уучлаарай, өөрөө хэн билээ?”

Би инээд алдаад, хуруунуудаа галзуу хурдаар хөдөлгөн хариу зурвас илгээв:

“Тэгвэл март даа. Баруун гар дахь галуу, зүүн гар дахь шарсан тахиа маань дэндүү хүнд байгаа болохоор машинд үлдээгээд бууя даа”

Энэ удаа 10 хором ч хүлээлгэлгүй хариу ирлээ.

Ши Жин: “Эрхэм найз минь, ашгүй нэг буцаж ирэх нь. Чамайг сургуулийн үүдэнд нүдээ ч цавчилгүй харуулдан хүлээх болно”

Шао Фэн: “Ши Гуан, чамайг маш их саналаа. Хүссэн үедээ чамайг харж чадахгүй байсан болохоор өнгөрсөн хэдэн өдөр надад үнэхээр хүнд байлаа. Хамтдаа сайхан мах идэцгээе”

гэх мэтээр уран үгтэй зурвасууд ар араасаа хөвөрлөө. 

Гар дахь нугас тахиандаа түүртсээр таксинаас буугаад харвал сургуулийн үүдэнд санаснаас олон хүн цугласан байлаа. Бид зургуулаа найзалдаг юм, гэтэл энэ удаа 5 охин, 4 хүү зогсож байх юм. 

Ердөө тахиа, нугас хоёр л байгаа шүү дээ, найз нөхдөө нэмж дуудах хэрэг байсан гэж үү? гэж амандаа үглэн, хөргөгчинд шарсан тахианы мөч байсныг авалгүй үлдээсэндээ харамсав. 

-Хэ хэ хэ, ёстой санаанд оромгүй сайхан угталт байна шүү. Та нар ингэх хэрэгг...

Гэтэл А Роу миний үгийг дуусгалгүй чихнээс татаад:

-Тэнэг хүүхэд! Цагаа олж буцаж ирсэн чинь аз. Бид хэд “Хэ Шэнь”-д хоол идэх гэж байна.

Хэ Шэнь гэдэг нэрийг сонсонгуут хамгийн амттай даршилсан байцаатай загас, исгэлэн чихэрлэг гахайн мах, гайхалтай сайхан дүпүтэй хавч нүдний өмнүүр эрээлжлэв. Шүлсээ гүдхийтэл залгиад тахиа нугасаа өндөрт өргөн харуулж:

-Би тусгай хоолоор дайлж байгаа болохоор төлөлцөхгүй байж болох уу? гэтэл Ши Жин нүдээ эргэлдүүлэн:

-Бидний нэрийг баллахаа больж үз. Өнөөдөр Жуан Шю биднийг дайлна хэмээн ширэв татав. 

Жуан Шю гэнээ? Маанаг царайлан, сая л биднээс холгүй зогсож байгаа залууг олж харлаа. Намайг ирэхийг хараад бүгд над руу ирцгээсэн боловч ганц тэр л зогсож байсан газраасаа хөдлөөгүй билээ. Цайвар саарал өнгөөр дагнан хувцасласан тэрээр ямар ч сэтгэл хөдлөлгүй хүйтэн царайлан зогсоно. Түүний нэрийг сонсонгуут л толгойд:

“Жуан Шю=Санхүүгийн тэнхимийн хамгийн шилдэг оюутан+Сургуулийн нэр хүндийг нэг шат ахиулсан царайлаг залуу + Рон Роны “найз”” гэсэн тодорхойлолтууд хөврөв. Мэдээж бас “Ни Ши Гуан би бол=бүрэн дүүрэн тэнэг амьтан”.

Жуан Шю хэзээ ч биднийг дайлж байсангүй. Бүр сургуулийн хамгийн өндөр дүнтэй тэтгэлгийг хүртэж байхдаа ч тэр. Аав нь эрт өөд болсон, өвчтэй ээж, ахлах сургуулийн дүүтэйгээ хамт байдгийг нь мэддэг болохоор бид ч шаарддаггүй байлаа. Гэхдээ тэр хэзээ ч биднээс санхүүгийн тусламж хүсч байгаагүй юм. Гэнэт нүд аргаж, ямар нэг зүйл урсаж гарах гээд байгаа мэт санагдсанд тэнгэр өөд өлийлөө. Намайг мэлэрч зогсохыг харсан А Роу хэзээний тэвчээргүй, дээрэнгүй зангаараа: 

-Юугаа хараад зогсчихоо вэ?

-Зүгээр л. Өнөөдөр нар баруунаас гараагүй биз дээ?

Аманд орсноо л хэлж орхитол уур амьсгал огт өөр болж ирлээ. Миний хэлсэн үг туйлын ёжтой далд утгатай мэт болж орхихыг ойлгосон боловч нэгэнт хожимджээ. Ан Фэн бүх хүний нүдэн дээр намайг чангаар чимхээд зэвүүцэн харлаа. Ёо ёо, тэр хамгийн сүүлд хэзээ хумсаа авсан юм болоо? Өвдсөндөө бараг л нулимс унагахаа шахав. Тэд миний найзууд гэх боловч үнэндээ үргэлж дээрэлхдэг юм. Дотроо бухимдан гомдовч хэзээ ч энэ гомдлоо ил гаргаж байсангүй. Гэтэл нохой хүртэл уурлахаараа урдаг. Би яагаад дандаа тэвчиж байх ёстой юм? Гэмшиж байгаа минь үнэн боловч санаатай хэлсэн үг биш шүү дээ. Аз болж Рон Рон энэ эвгүйцэм уур амьсгалыг эвдэн инээмсэглэж:

-Жуан Шю Шанхайн банканд ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Сарын цалин нь бараг 8000юань болно гэсэн.

Шанхайн банк аа? 8000 аа? Дөнгөж төгссөн бакалаврт битгий хэл, туршлагатай ажилтанд хүртэл амар олддог цалин биш шүү дээ. Би гайхаж бишрэн Жуан Шю рүү харвал тэр ч бас над руу тунгалаг хар нүдээрээ, энэ мэдээг сонсоод яаж хүлээж авахыг минь сонжих гэсэн мэт харж байлаа. Арай надаас...үгүй ээ, би буруу бодсон байх...

Ямартаа ч би түүнд баяр хүргэх нь зүй ёсны хэрэг. Түүн рүү ойртож гар сунгаад:

-Баяр хүргэе... Тэгэхээр...Дараа намайг Шанхайд зугаалахаар очвол зугаатай газруудыг нь үзүүлж, хоол унд, байр сав олоход минь тусл... 

-Чи маргааш ирэх ёстой байсан биш үү? гэж түүний тод цээлхэн хоолой утгагүй яриаг минь таслав. Дахиад л маанаг царайлан түүн рүү ширтлээ. Тэр надаас хамаагүй өндөр болохоор дээрээс тонгойн харж байгаа мэт харагдана. Тэр яг юу асуугаад байгаа юм бол? 

Ан Фэн бушуухан гүйж ирээд миний гараас сугадан Хэ Шэнь руу чиглүүлэн чирч:

-Жуан Шю, чи дайлах хэвээрээ юу? Би өлсөж үхэх нь ээ...

Амтат хоолоор дүүргэсэн ширээний ард сууж байхдаа хэрвээ ээж намайг хөөгөөгүй байсан бол би маргааш ирэх байсныг саналаа. Өчигдөр найзууд руугаа утсаар ярьж энэ тухайгаа хэлсэн байсан билээ. Тэгэхээр Жуан Шю намайг энэ дайллаганд урих санаагүй байсан юм болов уу?

Нэр төрөө эрхэмлэдэг энгийн хүн байсан бол нэн даруй савхаа тавиад ширээнээс босох байсан байх. Гэтэл би тийм нэр төртэй хүн мөн билүү? Санаа алдаад, амтлаг гахайн махыг улам эрч хүчтэйгээр зажиллаа. Хоёр дахин их идэж л хариугаа авъя. Энэ л миний зан чанарт илүү тохирно. Будаагаар хачирласанчгүй. Бүр хамгийн үнэтэй хоолноос нэмж захиалахдаа шинэхэн шахсан цэвэр шүүс захихаа ч мартсангүй. Миний байгаа байдлыг хэдхэн үгээр тодорхойлж болно:цэвэрхэн шүүрэлт, ханахаа мэдэхгүй хоолны дуршил, зогсолтгүй ажиллах савх. Миний зүүн талд сууж байсан Шао Фэн:

-Ши Гуан, чи яг амьтан шиг харагдаж байна гэж балмагдан хэлэхэд л ширээний од болчихсон байгаагаа сая анзаарлаа. Хэзээнээс гэдгийг нь анзаарсангүй, бүгд савхаа тавиад миний хоол идэхийг алмайран харж байв. Эсрэг талд сууж байсан Жуан Шю толгой өргөн харснаа гараа өргөж зөөгчийг дуудаад:

-Бид дахиад хэдэн таваг хоол нэмж захиалъя гэж хашхирав. Баруун талд минь сууж байсан А Роу өвдтөл чимхээд:

-Жаахан ухаантай байгаач! гэлээ. Үнэхээр гомдмоор юм. Би хоолонд ч уураа гаргаж болохгүй юм гэж үү? Ойлголоо, тэгвэл идэхээ л болчихъё. 

Үнэндээ дахиад хоол идэх зай үлдсэнгүй. Аяганд үлдсэн хоолны шавхрууг савхаараа оролдож суухдаа энэ хоолыг саяхан идсэн гэдэгтээ итгэж чадсангүй, дэндүү тослог байжээ. 

Жуан Шюгийн шинэ ажлын талаарх яриа надаас болж тавгүйтсэн уур амьсгалыг даруй сэргээлээ. Ан Фэн болон Ши Жиний найз залуучууд Жуан Шюгийн өрөөний найзууд болохоор түүний хоёр талд суучихсан, уусан шар айрагтаа халамцсан бололтой, мөрөөр нь тэврээд:

-Жуан Шю, чи бол манай сургуулийн бахархал. Бидний ирээдүйн амьдрал чамаас шалтгаална гэж бялдуучилцгаана. Ан Фэн, Ши Жин хоёр нүд ирмэлцэн инээлдэж:

-Рон Рон одоо шинэ ажил хайх хэрэгтэй болох нь дээ.

-Тэр яагаад дахиад ажил хайна гэж? Одоогийн ажлын санал нь муугүй шүү дээ!

-Тэр чинь Наньжинд шүү дээ, Шанхайгаас дэндүү хол.

Шао Фэн:

-Аан тийм байна гэж дуу алдлаа. 

Ши Жин:

-Удахгүй Шанхайн ажлын яармаг болох юм байна.Чи оролцох уу, Рон Рон?

Рон Рон савхаа тавиад:

-Тэгэлгүй яахав. Шанхайд ажиллавал амжилт гаргах боломж илүү их шүү дээ. Би аль хэдийн хэд хэдэн газар луу ажилд орох хүсэлтээ явуулчихсан гэхэд Ши Жин нүд ирмэн:

-Тайвшир даа, бид чамаас тайлбар шаардаагүй шүү дээ. Ингэтлээ сандрах хэрэггүй.

Гэнэт энэ дайллага хачин уйтгартай санагдаж, тавганд үлдсэн сүүлчийн махыг зовоохоо больж амандаа хийлээ. Жуан Шю охидын яриаг огт анзааралгүй залуустай их л чухал зүйл ярилцаж байгаа мэт харагдана.



Номын нэр: Гэрлэлт 


Та зохиолоо үргэлжлүүлэн унших бол Эндээс авна уу

Messenger