
Луо өргөөний эзэгтэй
Бүлэг 1
ХҮРГЭН АХАА УРХИДАХ НЬ
Асар том үдэшлэгийн танхим хөгжөөнтэй чимээ шуугианаар дүүрэн байвч баруун хойд булан хачирхалтай нам гүм. Гартаа дарстай хундага барьсан, цагаан даашинзтай залуухан бүсгүй болох Нинь Жиан холгүйхэн зогсож байгаа хосыг нүд салгалгүй ширтэнэ. Залуу нь эрч хүчтэй эрхэмсэг, бүсгүй нь урин, үзэсгэлэнтэй. Тэднийг ээрч хүрээлсэн олон хүн төгс хосууд хэмээн зусардаж ядаж байхад харин мөнөөх бүсгүйн харцанд жигшил дүүрэн харагдана. Тэр эрэгтэй бол өмнөд нутаг даяар алдартай Дашин группын ерөнхийлөгч Луо Ханшин, харин бүсгүй нь Бэйчин хотын алдарт Мо группын эзний ууган охин, олноо нэр нь түгсэн бүжигчин Мо Лан. Ёстой л бурхнаас хоёр биедээ заяаж төрсөн хосууд гэлтэй. Харин Нинь Жианы нүдэнд тэд хоёр биедээ таарсан таар шуудайнууд.
Хэсэг хугацаа өнгөрөхөд залуу эр хундагатай дарсаа орхиод гарах хаалга руу чиглэхэд бүсгүй нь бусадтай ярилцсан хэвээр үлдэхийг хараад одоо л цаг нь ирлээ гэж мэдэрсэн Нинь Жиан залуугийн араас сэмхэн дагалаа. Цахилгаан шат руу орох мөчид ухасхийн хойноос нь орж ирсэн бүсгүйг хараад Луо Ханшин гайхан хөмсөг өргөв. Нинь Жиан үл ялиг халамцсан царайгаараа нүүр дүүрэн инээмсэглээд:
-Сайн уу, ирээдүйн хүргэн ах минь. Уулзсангүй удлаа шүү гэсэн боловч Луо Ханшин юу ч сонсоогүй юм шиг үл тоомсорлон 66 дугаар давхрын товчлуур дээр дарлаа. Нинь Жиан шуудхан сугадаж авахад залуу хүйтэн царайлсан хэвээр хөмсөг зангидав.
-Хамгийн сүүлд уулзсанаас хойш их хугацаа өнгөрчээ. Яагаад намайг сонсоогүй царайлаад байгаа юм?
-Бид саяхан үдэшлэг дээр уулзсан! гээд сугадсан гар луу нь хяламхийв.
-Чи намайг харсан юм уу? гээд цоглог инээмсэглээд хошуу цорвойн:
-Надад чамтай ярих зүйл байна, өрөөнд чинь хамт оръё.
-Би завгүй!
-Удахгүй дээ. 10хан минут байхад хангалттай, амлая!
Луо Ханшин сая л Бэйчин дүүрэг даяар алдартай үзэсгэлэнтэй царай руу нь харлаа. Дотны найз нь Нинь Жианыг сахиусан тэнгэр мэт үзэсгэлэнтэй гэж хэлж байсныг одоо харах нь ээ хол зөрөөгүй мэт санагдав. Гэвч түүний хувьд эмэгтэй хүн царайлаг байна уу, үгүй юу гэдэг нь чухал биш, түүний таашаалд нийцэж байна уу, дургүйг нь хүргэж байна уу гэдэг л чухал байдаг билээ. 66 дугаар давхарт ирж буухад Нинь Жиан дагаж буухыг нь хараад эргэж:
-Энэ өрөө рүү эгч чинь ч дагаж орж зүрхэлдэггүй юм. Чи орно гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Мэдээж! гэж хэлэхдээ аль чадахаараа сайхан инээмсэглэсэн нь ямар ч эрийн зүрхийг зөөлрүүлж дөнгөх ажээ. Луо Ханшин юу ч хэлсэнгүй хаалгаа нээж түүнийг дотогш орууллаа. Анх удаа эр хүн ганцаараа амьдардаг эзэмшил газарт орж ирж байгаадаа жаахан эвгүйрхсэн ч доторх засалд нь огт гаж таагүй зүйл байсангүй, харин ч энгийн тухтай санагджээ. Луо Ханшин шүүгээг нээн шилэн аяга гаргаж ирээд шүүсээр дүүргэж түүнд өгөхөд Нинь Жиан зальтай мушийж:
-Би одоо 26 настай.
Энэ бүсгүй өнөөдөр нэг л өөр байх чинь. Урьд нь тааралдах болгонд хүйтэн хөндий, зай барьсан байдалтай мөртөө бусад хүн шиг анзааргагүй царайлалгүй шулуухан хардаг байсан. Гэтэл одоо зальжин, аальгүй байх чинь. Ямар нэг зорилго байгаагаас гарцаагүй.
-Тэгээд?
Нинь Жиан өөрөө босож шүүгээнээс хоёр хундага гаргаад улаан дарсаар дүүргэж нэгийг нь түүнд өгөөд:
-Би ярилцаж байхдаа уух дуртай гэв. Луо Ханшин дарсыг авч балгаад дэргэд нь дарс уун сууж буй бүсгүйг сонжин ширтэв. Юу хүсээд байгаа юм бол? Үнэхээр сонирхол татаж байна шүү...
Хэдэн минут өнгөртөл бүсгүй түүний нүдэнд нэг л өөрөөр харагдаж, өөрийн эрхгүй шүлсээ залгилаа. Ямар нэг зүйл буруу байгааг анзаарсан Луо Ханшин:
-Нинь Жиан, чи намайг мансууруулж зүрхэлнэ гэнээ? гэж уурсан үглэхэд Нинь Жиан тайван инээмсэглээд:
-Ирээдүйн хүргэн ах минь, би их ичимхий хүн. Тиймээс 10 минут хүссэн хэрэг гээд биед нь ойртон зөөлөн амьсгалаараа хацрыг нь илбэв. Луо Ханшин түүнийг хойш түлхээд:
-Чи сая намайг хэн гэж дуудсан бэ?
-Хүргэн ах!
-Тэгвэл эгчтэй чинь суух гэж байгааг мэдэж л байгаа юм байна. Тэгсэн ч надтай сээтгэнэж байгаа юм уу? гэхэд Нинь Жиан хүзүүгээр нь тэврээд:
-Чи түүнд хайртай гэж үү? гэхэд тэр хариулсангүй. Мэдээж тэр Мо Ланд хайргүй, гэхдээ Мо Лан түүнд хайртай. Үүнийг маш сайн мэддэг болохоороо л Нинь Жиан энд ирж, Луо Ханшинийг өдөж байгаа хэрэг. Нинь Жиан санаачилгыг гартаа авч уруул дээр нь үнслээ. Үнсэлт нь гүнзгийрэх тусам Луо Ханшиний тэвчээр алдагдаж, буйдан дээр дарж авав...
Тэр нам дуугаар:
-Чи үнэхээр үүнийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Мэдээж!
Луо Ханшин эргэлзэхээ болив. Энэ эмэгтэй бүх нөхцөл байдлыг мэдэж байгаа, энэ бүхнийг ямДандар нэг зорилгоор хийж байгаа. Юу гэдгийг нь мэдэхгүй ч төлбөрөө урьдчилаад төлөг...
Шөнө дунд 3 цагийн үед ядарч цуцсан Нинь Жиан нүдээ нээвэл хажууд нь тамхи татан хэвтэж байгаа Луо Ханшинийг олж харав. Түүнийг Мо Ланы сүйт залуу болохоор нь үзэн яддаг байсан тул царайг нь тоож ч харж байсангүй. Харин энэ удаа тогтож ажиглахад Бэйчиний охидын мөрөөдөл болсон эр гэдэг нь гайхах зүйл биш шиг санагдав. Тэр олонд алдартай од залуусаас ч царайлаг аж. Тамхины утаанд ханиахыг сонсоод Луо Ханшин тамхиа дарж унтраагаад:
-Чи найз залуутай юу?
-Байсаан. Өөр хүүхэнд алдчихсан.
Тийм ээ, алдчихсан. Мо Ланд алдчихсан. Угаасаа Мо овогтынд ирсэн цагаас хойш Мо Лан түүний гэсэн юм болгоныг булаасаар өдгөө дайсан гэж тооцогдох хэмжээнд хүрчээ. Луо Ханшиний харц үл ялиг зөөлөрч:
-Чи надаас юу хүсээд байгаа юм?
-Үнэхээр юу хүсэж байгаагаа хэлж болох юм уу?
-Энэ л чиний зорилго биш үү?
-Чамтай гэрлэмээр байна.
Луо Ханшин тэвэрт нь хэвтэж байгаа жижигхэн бүсгүй рүү гайхан хараад:
-Би чиний эгчийн сүйт залуу. Бусдын хэл амнаас айхгүй байна уу?
-Бусад хүн юу гэж бодох нь надад ямар хамаатай юм?
-Тэгвэл надтай гэрлэх гээд байгаа шалтгаан чинь юу юм?
-Чиний мэдэж байгаачлан ээж маань Мо овогттой гэрлэсэн цагаас хойш намайг тэднийхэн нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үзэж ирсэн. Нэгэнт бүгд намайг үзэн яддагаас хойш би яагаад тэдний дургүйг хүргэсэн зүйл хийж болохгүй гэж?
-Би бизнесмен хүн. Чамтай гэрлэж бусдын хараалыг идэх нь надад сайн зүйл авчрахгүй.
-Харамсалтай нь чамд одоо сонголт байхгүй.
Луо Ханшин тайван инээмсэглээд:
-Чи аль хэдийн бэлдчихсэн байх шив?
-Өдийд миний өндгөн эс боловсорсон үе. Чи сая хамгаалалт хэрэглээгүй байх аа?
Луо Ханшин ёжтой инээмсэглэлээ. Энэ хорвоод Луо Ханшин намайг сүрдүүлж зүрхэлдэг хүн байдаг байх нь ээ. Сонирхолтой.
-Намайг хүүхдээр сүрдүүлэх гээ юу? Гэнэн байна даа.
-Ганц үүгээр чамайг ам алдуулж чадахгүй гэдгээ мэдэж байна. Би судалж үзсэн. Танай Луо овогт дотроо тэмцэлтэй, үеэл чинь чиний байр сууринд санаархаж буй. Та хоёр Панлонг гүүрний барилгын ажлыг авахын төлөө өрсөлдөж байгаа. Хэрвээ чи надтай гэрлэвэл би энэ төслийг чамд авч өгье. Танай үеэл үнэхээр сэтгэл дундуур үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Луо Ханшин өмнөө байгаа бүсгүйг шинжин харлаа. Үнэхээр Луо Зэншиан үеэл ах нь энэ төслийн төлөө 20-иод хоног хөөцөлдөж байгаа ч өөрийн болгож чадаагүй л байгаа. Хэрвээ энэ шавилхан бүсгүй төслийг авчих юм бол... улам л сонирхолтой болж байх чинь.
-Хэрвээ чи төслийг авч чадахгүй бол?
-Тэгвэл би энэ шөнийн явдлыг дахиж сөхөхгүй гэдгээ амлая. Ямар байна?
Луо Ханшин зальтай инээмсэглээд:
-Тохирлоо. Чамд 2 долоо хоногийн хугацаа өгье. Яагаад гэдгийг мэдэж байгаа биз дээ?
Мэдээж. Хагас сарын дараа Мо Ланы сүй тавих ёслолын өдөр. Нинь Жиан хэдий маш их ядарч байсан ч босож хувцсаа өмслөө. Луо Ханшин түүний гараас татаж:
-Явах гэж байгаа юм уу?
-Ярих гэсэн зүйлээ хэлчихсэн, нэгэнт тохирчихсон болохоор үлдэх шалтгаан алга гээд гараа мулталж аваад хувцсаа үргэлжлүүлэн өмсөж эхлэв. Луо Ханшин энэ насандаа ийм сонирхолтой эмэгтэйтэй таарч байсангүй. Хаалгаар гарч явахаас нь өмнө:
-Мо овогтынхон чамайг үзэн ядсаны төлөө чи онгон бие, ирээдүйн гэрлэлтээ золиосолж байгаа гэж үү? Тийм их үнэ цэнтэй зүйл хэрэг үү? гэж асуухад түр зогссон боловч бариулаас барьсан гараа тавьсангүй, хаалга түлхэн гарч одлоо. Зочид буудлаас гарч такси бариад, эрэгт хамгийн ойрхон хуучны гүүрэн дээр хүрч ирэв. Уг гүүр 6 жилийн өмнө, баригдаж дуусахаасаа ч өмнө алдаатай баригдсанаасаа болоод барилгын ажил нь зогссон ажээ. Орохыг хориглосон хаалтыг давж гараад хуучин хашлагыг нь энхрийлэн илээд налан суулаа. 7 жилийн өмнө аав нь түүнийг энд дагуулж ирэхдээ царай нь бахархлаар дүүрэн байсныг нэхэн санав. “Жиан, чи харж байна уу? Энэ гүүр маргааш нээлтээ хийнэ. Жи’нань-аас Жинбэй рүү явах хүмүүс 30 минут хэмнэдэг болно. Сайхан биш гэж үү” гэж баяртайгаар хэлж байсан ч харамсалтай нь нэг жилийн дараа аав нь хаагдсан гүүрний дэргэд зогсож байж билээ. “Жиан, чи аавдаа итгээрэй. Энэ насандаа би авлигал авсан тохиолдол үгүй. Хэн нэгэн намайг гүтгэсэн”
Нинь Жиан цүнхээ уудлан гүүрний дизайны зургийг гаргаж ирлээ. Аавынх нь зурсан эх зураг, Мо группын 6 жилийн өмнө танилцуулсан зургаас огт өөр. Нинь Жиан эх зургийг гартаа чанга атгаад “Аав аа, санаа зовох хэрэггүй. Охин нь таны мэргэжлийг өвлөж гүүрний дизайнер болж чадсан. Таны үхэлд Дашин групп, Мо группын аль нь буруутай болохыг би заавал олж тогтооно. Таны буруу биш байсныг бүх хүн мэдэх болно. Хүлээж байгаарай” гэж тангараглахад нүдэнд нь нулимс хурсан байлаа.
Өглөөний 9 цаг 30 минутын үед тэр Мо овогтынд буцаж ирэхэд буйдан дээр тухалсан Мо Лан түүнийг нүдний булангаар хараад:
-Миний хайрт дүү, өнгөрсөн шөнө хаана хонов? Хуучин хайрттайгаа уулзаа юу? Шү Чаорун өчигдөр гадаадаас ирсэн гэсэн. Надад хаягдсанаасаа хойш буцаад чиний хойноос гүйж байгаа гэж сонссон юм гэж даажигнахад Нинь Жиан хүйтнээр инээмсэглээд:
-Өнгөрсөн шөнө хайрттайгаа хоносон нь үнэн ч миний амраг тэр хэрэггүй хог Шү Чаорун биш!
Халааснаасаа гар утсаа гарган Мо Ланд ойртож очоод ихэд илэн далангүй зураг харууллаа. Мо Лан ганц хараад л зураг дээр байгаа нүцгэн хүмүүс хэн болохыг төвөггүй танив. Түүний даажинтай инээмсэглэл даруй алга болж хилэгнэн гар далайгаад:
-Муу өлөгчин! Чи яаж миний эртэй... гэсэн боловч Нинь Жиан далайсан гарыг нь цохиод:
-Мо Лан, чи Шү Чаоруныг надаас булаахдаа хэлж байсан үгээ санаж байна уу? Чамаас булааж болж байгаа зүйл хэзээ ч чинийх байгаагүй гэсэн үг гэж хэлсэн байх аа? Одоо би чамд тэр үгийг чинь хэлье.
Мо Лан уурандаа галзуурав уу гэлтэй ухасхийн:
-Би чиний наад ширэн нүүрийг хуулаад өгье л дөө гээд дайрахад Нинь Жиан хэдий туранхай боловч хүчтэй тул турьхан Мо Ланыг буйдан руу түлхэн унагаав. Мо Ланы орилох чимээнээр гүйж ирсэн Су Юуншань Мо Ланыг биеэрээ халхлан, огтхон ч эргэлзэлгүй Нинь Жианы хацар дээр байлгаж орхив. Нинь Жиан гайхан хацраа дараад:
-Ээж ээ?
-Битгий намайг ээж гэж дууд. Надад чам шиг ачлалгүй охин байхгүй.
-Намайг ачлалгүй гэж байгаа юм уу?
-Чамайг юу хэлснийг сонслоо. Аав чинь алдаа гаргаад өөрөө үхсэн ч биднийг түмний нүдэн дээр чичлүүлэн үлдээсэн. Мо Лан, түүний аав хоёр л биднийг эдгээр жилүүдэд хамгаалж ирсэн. Чи талархаж мэдэхгүй, бүр эгчийнхээ сүйт залууг булаана гэдэг байж болох үйлдэл мөн үү? Эгчийгээ Луо эзэнд ямар их хайртайг мэдсээр байж яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Яаж би ийм сэтгэлгүй, ачлалгүй охин өсгөчхөв?
Төрүүлсэн ээжийнхээ үгийг сонсоод Нинь Жиан алхам ухрав.
-Би таны нүдэнд ачлалгүй охин гэж харагдаж байгаа юм биз дээ. Ойлголоо. Би нэгэнт ийм хүн, өнөөдрөөс энэ Мо овогтын гэрт дахиж ирэхгүй. Та гуравт сайн сайхныг хүсье!
Мо Лан хаалгаар гарахын өмнө өмнүүр нь хөндөлдөж:
-Явахаасаа өмнө энэ зураг дээр яг юу болоод байгааг хэлээдэх!
-Харж байгаагаараа л ойлго гэхэд Мо Лан шүдээ хавиран хэлэх үггүй бачимдаж хэсэг зогссоноо тайвширч:
-Ичгүүргүй янхан. Сайн сонсож бай. Луо эзэн минийх. Түүн шиг өндөр байр суурьтай эрхэм сүй тавихынхаа өмнө хэрэггүй хүүхнүүдээр зугаацах нь байх л хэрэг, би ойлгоно. Угаас би өчнөөн зүйл харж өнгөрсөн. Ганц шөнө зугаацуулсныгаа их юманд бодох хэрэггүй. Чи энэ зургаа бариад Луо эзэгтэй болно гэж мөрөөдөөд яваад үзэхгүй юу. Би саад болохгүй байлаа ч Луо овогтынх чам шиг дагавар охиныг бэрээ болгоно гэж бодож байна уу? Луо Ханшин тийм хөнгөмсөг хүн биш.
Нинь Жиан зэвүүнээр инээмсэглэв. Надтай гэрлэнэ гэдэг тийм хөнгөмсөг явдал гэж үү? Ха ха. Хараад хүлээж бай, Мо Лан. Би Луо Ханшиний эхнэр болох эсэхийг чи шийддэг юм биш.
Толгой өргөн ихэмсгээр гарч Мо овогтын гэрийг орхин одов. Зам дээрээс такси барьж суулаа. Түрийвчнээсээ гэр бүлийнхээ зургийг гаргаж харав. Ахлах сургуульд элссэн өдөр, аав ээж гурвуул ихэд жаргалтай инээмсэглэжээ. Хамгийн сүүлд хэзээ ингэж жаргалтай инээмсэглэсэн юм бол?
Аав нь энэ хорвоо дээрх хамгийн хайртай эмэгтэйгээ ээжийг нь харин хоёрт охин нь гэж хэлдэг байж билээ. Гэтэл нас бараад 100 хоног ч болоогүй байхад хамгийн хайртай эмэгтэй нь Мо Юүминтэй гэрлэж, охиныг нь Мо овогтын хоёр дахь охин болгож орхисон. Энэ хорвоо дээр өөрийг нь хамгийн их хайрладаг байсныг нь мэдсээр атал аавыг нь буруутгасаар. Бүх хүн буруутгаж байлаа ч хамгийн хайртай эхнэр нь ядаж итгэх ёстой биш гэж үү? Бүхэл бүтэн 20 жил хамт амьдарсан хүмүүс шүү дээ...
Санаа алдан зурагаа буцааж хийгээд утсаа гаргаж залгав.
-Эгчийн сүйт залуу, өглөөний мэнд!
-Өглөө өнгөрчихсөн байна гэх хүйтэн хоолой сонсогдов.
-Таныг өнгөрсөн шөнө их ядарсан болохоор босоогүй байх гэж бодсон юм.
Луо Ханшин уншиж байсан бичиг баримтаа хаагаад:
-Чи миний чадварыг тэнсээд байна уу?
-... Тэгээгүй ээ...
-Яах гэж залгасан юм?
-Өнөө орой Чаншинь групп хандивын үдэшлэг хийнэ. Тэднийх Панлонг гүүрний захиалагч гэдгийг мэдэж байгаа биз дээ. Бид энэ боломжийг алдаж болохгүй.
-Чи л энэ боломжийг алдаж болохгүй. Үнэндээ энэ төслийг авч чадах эсэх нь Дашин группт тийм ч чухал биш л дээ.
Нинь Жиан түүний үг үнэн гэдгийг мэдэж байлаа. Дашин групп баян, хүчирхэг. Панлонг гүүрний төслийг гэр бүл доторх өрсөлдөгч-үеэл ах нь хөөцөлдөж байгаа, авч чадахгүй бол түүнд дайснаа дарахад бүр л хялбар болно гэсэн үг.
-Тэгвэл ирээдүйн хүргэн ах минь, энэ удаа миний хэрэгт тус болохыг гуйя?
-Чи юунд буулт хийхээ мэддэг юм байна. Надтай гэрлэхийг тийм их хүсээд байгаа юм уу?
-Зорилгодоо хүрэхийн тулд бүх боломжийг ашиглах чинь наймаачдын дүрэм.
-Наадах чинь чиний дүрэм болохоос минийх биш.
-Ямартай ч би энэ хэрэг дээр бүх чадлаа дайчилж байгаа болохоор намайг сайн дэмжээд өгөөрэй! гээд сээтэгнүүр инээв. Луо Ханшин үнэхээр энэ бүсгүй юу хийж чадахыг харахыг хүсэж эхэллээ.
-5:00 гээд компанийн үүдэнд хүрээд ир.
Нинь Жиан компанийн ойролцоох буудалд өрөө авч ороод өдрийн бүтэн нойроо авч амжив. 4 цагт сэрүүлэг дуугарахад сэрээд босож, дэлгүүр орж даашинз авч, хөнгөхөн будалт хийлээ. Төрөлхийн гоолиг биетэй болохоор хямдхан даашинз өмссөн ч эрхэмсэг ганган харагдаж чадаж байлаа. Таксигаар Дашин группын үүдэнд ирээд оролгүй Луо Ханшин руу залгасан боловч авсангүй, арайхийн 6 цаг гэж гарч ирсэн нь зориуд түүнийг бухимдуулах гэснээс зайлахгүй. Холоос ч анзаарагдах гоолиг биеийг нь харж нүд хужирлаад амжлаа. Нинь Жиан түүний царайг хараад мөсөн уул шиг хөшингө царайндаа урьхан инээмсэглэл тодруулаад:
-Хүргэн ах минь, та хоцорлоо!
-Дургүй чинь хүрч байна уу? гээд духных нь урдуур орсон үсэнд хүрэх гэхэд толгойгоо бултуулаад:
-Яалаа гэж, явцгаая гээд наалинхайтан инээв. Машины хаалгыг онгойлгон Нинь Жиан арын суудал дээр суунгуут араас нь орж ирсэн Луо Ханшин түүнийг дарж аваад, жолоочид хандан:
-Гарч бай! гэж хүйтнээр хэлэхэд жолооч эр сандран, ёсоор болгов. Нинь Жиан хөмсөг зангидан:
-Та чинь юу хийгээд байна аа, хүргэн ах аа? гэхэд Луо Ханшин улам ч наалдан дарж хэвтээд:
-Ийм байрлалд намайг юу хийнэ гэж бодож байна?
-Бид танай компанийн үүдэнд байна.
-Тэгээд?
Хариу хэлэх ч боломж өгсөнгүй, уруул дээр нь шунаглан үнсэв. Нинь Жиан мөрнөөс нь түлхэн толгойгоо бултуулахад:
-Яасан бэ? Чи намайг үдэшлэг рүү явъя гэж ятгамааргүй байна уу? гээд хацраас нь татан өөр рүүгээ харуулав. Урьд нь тааралдах бүрт ихэмсэг, хүйтэн харагдаж байсан эрхэм хүн энэ мэт бүдүүлэг авирлах юм гэж санасангүй. Эрчүүд бүгд адилхан юм шив.
-Бид хоцорч байна!
-Тэгээд юу гэж?
-Хэрвээ бид үдэшлэгт оролцож чадахгүй бол миний төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Би бүтэлгүйтвэл чи надтай гэрлэхгүй гэсэн үг. Ийм зүйл болно гэж бодвол би чамд биеэ өгөх шаардлагагүй. Тийм биз?
Нинь Жиан толгойгоо гилжийлгэж уруулаас нь холдсон ч уруулаараа хацрыг нь шүргэн чихэн тушаа нь аваачаад:
-Надтай унтмаар байвал миний нөхөр бол! Үгүй бол өнгөрсөн шөнийн явдал зөвхөн чи бидний дурсамж болж үлдэнэ... гэж тачаангуй шивнэв. Дор нь хэвтэж байгаа бүсгүйн зальжин үгийг сонсоод Луо Ханшиний уур огтхон ч хүрсэнгүй. Үзэсгэлэнтэй, зоригтой, авхаалжтай бүсгүй юм. Ухаалаг эмэгтэйтэй “ажиллах” ийм таатай байдгийг урьд нь мэдэрч байгаагүй юм байна.
Луо Ханшин босч, цонхоо буулган холгүй хүлээж зогсоо жолоочоо дохиж дуудаад, тэд үдэшлэг болох газарт ирцгээв. Үүдэнд зогсож буй угтагч бүсгүйд урилгаа гарган ихэмсгээр өгөхийг нь хараад Луо Ханшин инээмсэглэн:
-Би чамайг дутуу үнэлж байсан бололтой.
Нинь Жиан мөрөө үл ялиг хавчаад:
-Та намайг сайн ойлгохгүй байх чинь аргагүй. Хүн бүр намайг дорд үзэхэд би бүр дасал болчихсон. Олонд нэр нь түгсэн тантай харьцуулбал би үл үзэгдэгч л гэсэн үг гэхэд Луо Ханшин түүний сайхан цээж рүү хараад:
-Энэ хэсэг чинь лав анхаарал татах юм байна.
Нинь Жианы нүүр улайв. Ичгүүргүй залуу вэ.
Танхимд орж ирэнгүүт баян царайлаг эр, үзэсгэлэнтэй бүсгүйн хамт явахыг хараад хүн бүрийн харц унаж, шивэр авир хийцгээв. Тэдний юу гэж байгааг тааж ядах зүйлгүй. Зарим нэг нь шулуухан хүрч ирж Луо Ханшинтай үг сольж байх зуур Нинь Жиан өнөөдрийн гол бай болсон, Чаншинь группын ерөнхийлөгч-Фу Буяанийг олж харлаа. Луо Ханшинийг сугадаж, дэргэд нь очоод инээмсэглэн:
-Фу авга ах аа! гэхэд хөгшин эр ихэд гайхан:
-Жиан, чи яагаад энд байгаа юм бэ?
-Би танд хэлэлгүй, Зишүгээс урилга авчихсан юм. Танд саад болоогүй гэж найдъя.
-Яалаа гэж. Би чамтай нэг уулзах юмсан гэж бодож байлаа гээд Фу ерөнхийлөгчийн нүд Луо Ханшин дээр тусав. Нинь Жиан тэднийг товчхон танилцуулж өгөөд:
-Ах аа, би тантай ганцаарчилж ярилцах зүйл байна...
-Бололгүй яахав, хоёулаа тэр танхимд оръё.
Тэд хажуугийн уушийн танхимд орж, тухлан суусан хойно Нинь Жиан:
-Ах аа, надад таны тус хэрэгтэй байна гэхэд Фу Буяань гүнзгий амьсгаа авч:
-Чамайг Луо залуу эзнийг дагуулж ирснийг хараад л би таамагласаан. Жиан, чамайг аавынхаа төлөө энэ бүхнийг хийхийг хүсч байгааг чинь мэдэж байна. Гэхдээ буруутай этгээдийг олно гэдэг тийм амар хэрэг биш шүү дээ. Дашин групп, Мо группын аль нь ч буруутай байсан тэд чамайг ийм зүйл хийхийг зүгээр хараад сууна гэж үү?
-Ах минь, энэ бол миний сонгосон зам. Хэчнээн бартаатай байсан ч би зорьсон газраа заавал хүрэх болно. Аав минь гомдолтойгоор хорвоог орхисон байхад охин нь болсон би харж суусаар өнгөрөх юм гэж үү? Би одоо санаанаасаа ухрахгүй.
Фу ерөнхийлөгч түүнийг хараад хэзээ ч билээ, Нинь Чаоюн “Манай охин үнэхээр зөрүүд” гэж хэлж байсныг нь санан санаа алдав. Тэднийг өрөөнөөс гарч ирэхэд Луо Ханшин дэргэдээ эмэгтэй “бараа бологч”-той болчихсон байлаа. Өглөөхөн Нинь Жиантай тэрсэлдэж асан Мо Ланыг энд харна чинээ санасангүй. Луо Ханшин харин түүнийг энэ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахыг нь харахаас тэсч ядаж байв. Мо Лан Луо Ханшиний харцыг дагуулан хараад Нинь Жиан байхыг нь олж хармагцаа үргэлж наалинхай инээмсэглэл тодорч байдаг нүүр нь уурандаа ягаарч ирэв. Нинь Жиан түүнийг хармагцаа Фу авга руу харж инээмсэглээд:
-Та түрүүлээд яв даа. Удахгүй сайн мэдээ дуулгана аа гээд мөнөөх “хайр татам, харц булаам” хосуудын дэргэд хүрч очив. Урьд Мо Лан найз залууг нь булаасныхаа дараа “Жиан, намайг байгаа газар хэн ч чамайг анзаарахгүй гэдгийг сайн ойлгож ав. Чи үүрд надад ялагдсаар байх болно” гэж хэлж байсныг нь нэхэн санав. Мо Лан, би чамд урт хэл хүзүү орооно гэж юу байдгийг үзүүлээд өгье!
Гар даллан мэндчилээд:
-Эгч ээ, та яагаад энд байгаа юм бэ? гэхэд Мо Лан хөмсөг зангидаад:
-Би биш, чи энд байгаа нь л сонин хэрэг байна.
-Үнэхээр тийм шүү. Та олноо өгөөмөр гэдгээрээ алдаршсан хүн. Яахин хандивын үдэшлэгийг алгасах билээ дээ гэхэд Мо Лан ихэмсгээр эрүүгээ өргөөд:
-Чи яагаад энд байгаагаа хэлсэнгүй. Найз залуу Шү Чаоран чинь энд ирнэ гэж сонсоод ирсэн юм уу?
Луо Ханшиний нүд гялалзан Нинь Жиан руу харав.
-Эгч минь, таны ой санамж муудаа юу даа. Би буруу санаагүй бол 4 жилийн өмнө Шү Чаоран тантай явалдсанаас болоод бид салсан юмсан. Тэр намайг санагалзаад байна гэнэ үү?
Мо Лан эвгүйцсэн ч инээмсэглээд:
-Дүү минь, чи ингэж ярьж болохгүй. Шү Чаоран өөрөө л миний хойноос гүйгээд байсан. Би мэдээж дүүгийнхээ залууг булаах ёс зүйгүй эмэгтэй биш. Түүнд хүсэхгүй байна гэж маш сайн ойлгуулсан. Тэгээд ч тэр миний сонирхол биш. Харин одоо л би жинхэнэ хайртай хүнээ олсон гээд Луо Ханшиний гарыг дотночлон сугадав.
-Өө тийм зүйл болсон юм уу? Шү Чаоран харин дараа нь надтай буцаж нийлье гэж гуйхдаа таныг л түрүүлж өдсөн гээд байсан. Бүр над руу баримт болгож бичлэг хүртэл явуулсан шүү. Бичлэг дээр та түүний өрөөнд ороод ор руу нь авирч, ёсгүй хэрэгт урин дуудаж байгаа дүрс байсан.
Мо Лан шазуураа зуусан ч өнгөн дээрээ тайван харагдахыг ихэд хичээж:
-Тэр Шү Чаорон үнэхээр жигшмээр хүн юм. Би түүнийг өдсөн гэнэ ээ? Хуурамч бичлэг ашиглаж намайг хэрэгт оруулах гэсэн байна.
-Эгч ээ, би тэгвэл тэр бичлэгийг тань руу явуулъя. Шү Чаоран үнэхээр хуурамч бичлэгээр таныг гүтгэсэн бол та зарга мэдүүлэх хэрэгтэй.
Мо Лан чадлынхаа хэрээр муухай харан амаа хамхихыг сануулах гэж оролдов. Гэвч Нинь Жиан ээжийгээ Мо овогтынд жаргалтай байлгахын тулд тэнэг царайлан бүгдийг тэвчдэг урьдын дуулгавартай охин байхаа больжээ. Хэнэггүй царайлан цааш үргэлжлүүлж:
-Тэр бичлэг анхнаасаа надад таалагдаагүй болохоор би сайн хараа ч үгүй. Харин таныг ингэж хэлж байгааг сонсоод сайтар үзмээр санагдчихлаа. Нэгэнт ийм яриа гарсан болохоор тэр бичлэгийг хадам ах руу ч бас явуулах хэрэгтэй юм байна. Та хоёр хамтдаа тухтайхан үзээд тэр новшид хүртэх ёстойг нь хүртээвэл би ч дуртайяа харах болно.
Мо Лан сандран зүрх нь чичирч эхлэв. Тэр бичлэгийг Луо ноёнтон харах юм бол шийтгэл хүртэх хүн нь би биш гэж үү?
-За за, ийм дэмий юм ярихаа больцгооё. Чи энд яах гэж ирсэн юм бэ?
-Хүргэн ах танд хэлээгүй юм уу? Бид энд ажил хэргээр ирсэн юм гээд Луо Ханшин руу харж:
-Ирээдүйн хүргэн ах аа, асуудал шийдэгдсэн. Одоо очиж гэрээгээ байгуулахад л болно.
Луо Ханшин итгэж ядан гайхан харсан ч “Ойлголоо” гээд толгой дохин хөдлөх гэтэл Мо Лан ханцуйнаас нь зуурч:
-Би хамт явъя гэхэд Луо Ханшин:
-Би ажиллаж байхдаа сатаарах дургүй! гэж хүйтнээр хэлэхэд Мо Лан юу ч хэлж чадсангүй, тэдний хойноос харсаар хоцров. Түүнд сонсогдож, харагдаж байгааг мэдсээр байж Нинь Жиан зориуд Луо Ханшиний гараас сугадаж:
-Хүргэн ах аа, би өнөөдөр ээжтэй муудалцаад гэрээсээ зугтчихсан. Хэд хоног намайг орогнуулах арга байна уу?
Ийн хэлэх зуур холдчихсон болохоор Ханшин юу гэж хариулсныг нь сонсож чадаагүй Мо Ланы цээжин дотор хэдэн зуун шоргоолж арвалзах шиг болж бачимдан дотор нь муухайрав. Нинь Жиан муу өлөгчин! Хараад хүлээж бай, би яасан ч чамайг дураар чинь дургиулахгүй!
Машин хөдлөөд 2км ч яваагүй байхад Нинь Жиан орой болтол ажилладаг ресторан нээлттэй байхыг хараад жолоочид:
-Ингээд зогсоно уу? гэхэд жолооч ч хэлснээр нь хийв. Нинь Жиан Луо Ханшинд хандаж:
-Луо эзэнтээн, өнөөдөр жүжгээ энэ хүрээд зогсооё. Би маргааш ажлын цагаар компани дээр чинь очиж гэрээний талаар хэлэлцье.
-Чи надад тушаагаад байна уу?
-Яалаа гэж! Зүгээр л... дэндүү орой болсон болохоор...
-Хэдэн өдөр гэртээ орогнуулаач гээд байгаагүй билүү?
-Та хариулаагүй болохоор татгалзлаа гэж ойлгосон юм. Тэгээд өөр газар олчихсон.
Луо Ханшин сайхан загнан гараас нь татаад:
-Манайх руу явцгаая!
-Гэхдээ би аль хэдийн өөр тийшээ очихоор болчихсон.
-Нинь Жиан, надаас мултрах тийм амархан гэж бодоо юу? Хэрэгтэй болоход хэрэглэчхээд, хэрэггүй болохоор гаргаад шидчих санаатай юу? гээд гараас нь огцом дугтран тэвэртээ оруулаад, чихэнд нь:
-Өнөө орой орондоо хэр байхыг чинь мэдэх сэн гэхээс байж ядаж байна... гэж шивнэхэд Нинь Жиан гэмшингүй царайлан:
-Өнөө орой чадашгүй нь.
-Хэзээ гэдгийг шийдэх хүн нь чи биш. Панлонг төсөл шийдэгдсэнээс хойш одоо чи миний бүсгүй гэсэн үг. Миний бүсгүйн хувьд үүргээ гүйцэтгэх ёстой гэдгээ мэдэж ав!
“Зишүгийн зөв байж. Энэ өлсгөлөн чонын амнаас мултарч чадахгүй нь...” гэж зүрх нь базлан бодож байх зуурт Луо Ханшин жолооч руугаа эргэж:
-Зочид буудал руу! гэж шийдэмгий зааварлав. Нинь Жиан сандран:
-Байзаарай! Өлсөөд байна! Явахаасаа өмнө ямар нэг юм олж идье.
-Буудалд очиход хоол бэлдчихсэн бай гээд хэлчихье.
Нинь Жиан холгүй харагдах жижигхэн ресторан руу зааж:
-Энд идье! Эндэхийн банш ёстой амттай гэхэд Луо Ханшин нүүр рүү нь хурц нүдээрээ цоргин ширтэхийг хараад арай зөөлөрч, инээмсэглээд:
-Өчигдөр оройноос хойш юу ч идсэнгүй. Үнэхээр өлсөж байна.
Луо Ханшин “Бүтэн өдөржин шөнөжин юу ч идээгүй гэж үү? Тэнэг хүүхэн!” гэж бодон хөмсөг зангидаад:
-Тэгвэл буугаад хоолоо ид дээ.
Нинь Жиан баяртайгаар машинаас үсрэх шахам буугаад “Баяртай” гэж хэлэхээр эргэж хартал нөгөөх нь хойноос нь буугаад ирэв. Гайхан дүрлийсэн нүдийг нь хараад зальжин инээмсэглэж, “Юу гэж бодсоныг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Өнөө орой чи яасан ч надаас зугтаж чадахгүй!” гэж чихэнд нь ойртон шивнэлээ. Нинь Жиан дотор нь палхийсэн ч хүчлэн инээмсэглэж:
-Би зугтах гээгүй байна гээд бяцхан рестораныг чиглэн алхлаа. Гаднаасаа хэнэггүй мэт харагдаж байвч дотроо түүнд дургүйцэн харааж явав. Тэднийг орж ирмэгц эзэн авгай найрсаг инээмсэглэн угтаж:
-Хөөх, таныг харалгүй удсан байна шүү гэхэд Нинь Жиан хариу инээмсэглэж:
-Сайн байна уу, та? Сүүлийн үед их завгүй байлаа. Танай баншийг үнэхээр их саналаа шүү.
-Ирсэн нь болжээ. Ямар банш идмээр байгаагаа л хэлчих.
Нинь Жиан Луо Ханшин руу эргэж хараад:
-Чи ямар банш идмээр байна?
-Юу ч идэхгүй ээ.
Та зохиолоо үргэлжлүүлэн унших бол эндээс авна уу
